Украины асуудалд улс орнууд ямар байр суурь илэрхийлэв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2022-02-22 14:46:46
twitter.com/Nyamkanmk

В.Путин Украины асуудлын талаар юу хэлэв? /TASS/

ОХУ Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгууллаа. Холбогдох баримт бичигт тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гаргийн орой гарын үсэг зуржээ.


Үүний өмнө Оросын төрийн тэргүүн иргэддээ хандан үг хэлэхдээ, Донбасс дахь байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Украинаас шаардаж, эс тэгвээс "цус урсгаж болзошгүйн бүх хариуцлагыг Киев хариуцна" гэдгийг онцлон тэмдэглээд, аюулгүй байдлын баталгаа олгох саналд Барууныхан үр дүнтэй хариу өгөхгүй бол Москва "хариу арга хэмжээ авах" бүрэн эрхтэйг анхааруулсан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн иргэддээ хандсан үг цаг хугацааны хувьд хамгийн урт бөгөөд түүний Холбооны их хуралд тавьдаг илгээлттэй харьцуулахуйц болжээ.


Ингээд ТАСС агентлаг В.Путиний 55 минут үргэлжилсэн үгийн үндсэн агуулга болон өмнөх үйл явдлуудыг эмхтгэснийг хүргэж байна.


Донбассыг хүлээн зөвшөөрсөн тухайд

В.Путин БНДАУ, БНЛАУ-ыг тусгаар тогтносон улсуудаар хүлээн зөвшөөрснөө "хожимдсон шийдвэр" гэж нэрлээд парламентаас шийдвэрийг нь дэмжиж, бүгд найрамдах улсуудтай байгуулсан найрамдал, хамтын ажиллагаа харилцан туслалцаа үзүүлэх гэрээг соёрхон батлахыг хүсэв.


Тэрбээр мөн "Киевийн эрхийг барьж байгаа хүмүүсээс байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна. Эс бөгөөс цус үргэлжлэн урсаж болзошгүйн бүх хариуцлагыг Украины нутаг дэвсгэрийг захирагч дэглэм хүлээх болно" гэж анхааруулав.


Түүний хэлснээр, “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд  Орос улс бүхнийг хийсэн бөгөөд тэр дундаа Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байсан боловч энэ нь дэмий хоосон зүйл байв.


Украин ба НАТО

"Украин НАТО-д элсэж, дараа нь НАТО-гийн байгууламжуудыг энд байрлуулна гэдэг бол цаг хугацааны асуудал" гэж үзэх бүх үндэслэл Москвад бий гэж В.Путин цохон тэмдэглэв. Энэ тохиолдолд Украин нь Барууныхан Орост цохилт өгөх тэргүүн шугам болно.


Оросын тал аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцох саналыг Вашингтон, Брюссельд 12 дугаар сард тавьж, НАТО-г цаашид дорно зүгт, тэр дундаа Украин руу тэлэхгүй байх, мөн тус улсын нутаг дэвсгэрт цохилтын зэвсгийг байрлуулахгүй байхыг шаардсан юм. В.Путиний цохон тэмдэглэснээр, эдгээр саналууд үндсэндээ хариултгүй хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд Орос улс "өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Бид яг үүнийг хийх болно".


Украины талаарх шүүмжлэл

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн гол хэсэг нь орчин үеийн Украин улс байгуулагдсан түүх болон Киевийн эрх баригчдын талаарх шүүмжлэлд зориулагдсан байв. “Орчин үеийн Украин улсыг Оросын большевикууд, коммунистууд байгуулсан” бөгөөд тус улс тэр дундаа Оросын түүхэн нутаг дэвсгэрт байгуулагдсан болохыг В.Путин сануулсан байна. Одоо Украинд тус улсын хувьд "үндэслэгч, архитектор" нь болсон Владимир Лениний хөшөөг буулгаж байгаа ч энэ бодлогыг "замаас нь зогсоох шаардлагагүй" ба "Украины хувьд жинхэнэ коммунизмыг устгах нь юу болохыг харуулахад бид бэлэн байна" гэж тэрбээр хэлжээ.


Украинд "тогтвортой төрт улс" хараахан төлөвшөөгүй бөгөөд авлигад "идэгдэж, зэвэрсэн" бол  одоогийн эрх баригчид нь "улс орныг бүрэн эзэнгүйдүүлж байна". Украины цэргийн стратеги нь үндсэндээ ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэх явдал бөгөөд саяхан Киев өөрийн гэсэн цөмийн зэвсгийг бүтээхээр заналхийлж байгаа нь "хий хоосон зүйл биш” юм. Москва энэ аюулыг үл тоомсорлож чадахгүй" гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.


Аюулгүй байдлын зөвлөлийн дэмжлэг

Өмнө нь БНДАУ болон БНЛАУ-ын тэргүүн нар болох Денис Пушилин, Леонид Пасечник нар бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг В.Путинээс хүсжээ. Үүний дараа Кремльд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал болж, зөвлөлийн гишүүд энэ шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.


Үүний зэрэгцээ Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Киевийг гэрээ хэлэлцээрээ биелүүлэхийг албадах сүүлчийн боломжийг Барууны орнуудад  олгохыг санал болгожээ.


Харин Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг "Украины Зэвсэгт хүчинд эзлэгдэхээс өмнөх" хилээр, өөрөөр хэлбэл Донецк, Луганск мужуудын нутаг дэвсгэрийн хил дотор хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.


Хүлээн зөвшөөрөхөөс өмнөх сүүлчийн хэлэлцээнүүд

В.Путин, Ж.Байден нар Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зуучлалаар ойрын хугацаанд уулзаж магадгүй гэсэн мэдээлэл даваа гаргийн өглөө гарсан. Э.Макрон Оросын удирдагчтай ням гарагт хоёр ч удаа утсаар ярьсан юм. Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


В.Путин даваа гаргийн орой Э.Макрон болон Германы Канцлер Олаф Шольц нартай утсаар ярьж, Донбасс дахь бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөх баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөгөө мэдэгджээ. Кремлийн мэдээлснээр, тэд түүний төлөвлөгөөнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ч холбоо харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


В.Зеленьский: ОХУ Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчиж байна /Ukrinform/

КИЕВ. /Ukrinform/. ОХУ Донецк, Луганск мужийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаараа Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчиж, 2014 оноос хойш Донбасст байгаа цэргүүдээ хууль ёсны болгож байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн уулзалтын дараа үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


“ОХУ-ын сүүлийн үеийн үйлдлийг Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн үйлдэл гэж хоёрдмол утгагүйгээр бид үнэлж байна. Эдгээр шийдвэрийн үр дагаврын бүх хариуцлагыг Оросын улс төрийн удирдлагууд хүлээх болно" гэж В.Зеленский хэлсэн байна.


Мөн Донецк, Луганск мужийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрсөн нь ОХУ Минскийн гэрээнээс гарч, Нормандын дөрвөлийн шийдвэрүүдийг үл тоомсорлосон явдал байж болох юм гэдгийг нэмж хэлжээ.


Тэрбээр нөхцөл байдлын талаар Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Олац Шольц, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нартай утсаар ярьсан бөгөөд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай мөн ярихаар төлөвлөөд байгаа ажээ.


Мөн өнөөдөр Украины Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд Будапештийн санамж бичгийн үндсэн дээр яаралтай зөвлөгөөн хийх саналыг тавьсан гэдгийг В.Зеленьский цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн уулзалт, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай уулзалтыг санаачилсан байна.


Ж.Байден Украины мужуудыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг буруушаав /Reuters/

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт улс орнуудын удирдагчидтай утсаар ярих үеэрээ Украины мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиний шийдвэрийг зэмлэн буруушаажээ.


“Ж.Байден Украины Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөх ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ эрс зэмлэн буруушаасан” гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.


Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Олаф Шольцтой “хариу болгон авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудаа хэрхэн уялдуулах талаар” хэлэлцсэн гэж өөр нэгэн мэдэгдэлд тэмдэглэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Украины зүүн нутгийн хоёр мужтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг хориглох зарлигт гарын үсэг зуржээ /Reuters/

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн иргэдийг ОХУ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөд буй Украины зүүн нутгийн хоёр мужтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг хориглох зарлигт гарын үсэг зуржээ.


Энэхүү зарлиг нь хамарсан бүс нутгаас АНУ-д шууд болон шууд бусаар аливаа бараа, үйлчилгээ, технологи импортлох зэргээр шинээр хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилт хийхийг хориглох ажээ.


Зарлигт Минскийн гэрээний дагуу ОХУ-ын өгсөн үүрэг амлалтууд нь Украины энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж, улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод урьд хожид үзэгдээгүй аюул занал учруулж байна хэмээн дурджээ.


Украины асуудалд холбогдогч талуудад хүлээцтэй хандахыг БНХАУ уриалав /CCTV/

БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байранд болсон Украины нөхцөл байдлын асуудлаарх шуурхай хурлын үеэр талуудад маргааныг энхийн замаар зохицуулж, хүлээцтэй хандахыг уриалав.


Тэрбээр хурлын үеэр хэлэхдээ, “БНХАУ Украин дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдалд холбогдох талууд хүлээцтэй байж, асуудлыг хурцатгах аливаа үйлдлээс татгалзах хэрэгтэй. БНХАУ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа ба талууд эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчмаар асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг уриалж байна”  гэжээ.


Мөн тэрбээр, Украины нөхцөл байдал өнөөгийн түвшинд хүрч байгаа нь олон тооны нарийн төвөгтэй хүчин зүйлийн үр дүн гэж хэлжээ.


БНХАУ-аас Украинд суугаа ЭСЯ-наас тус улсад байгаа өөрийн орны иргэддээ хоол хүнс, ундны ус зэрэг өдөр тутмын хэрэглээгээ нөөцөлж, нөхцөл байдал тогтворгүй байгаа газар руу явахгүй байхыг сануулсан байна.


Европын Зөвлөлийн дарга Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэв /DW/

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Зөвлөлийн /ЕЗ/ дарга Шарль Мишель Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа, Москвагийн үйлдлийг зэмлэн буруушааж, Киевийг дэмжиж байгаагаа илэрхийлснээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


"Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярьж, ЕЗ Украинтай эв санал нэг байгааг илэрхийллээ. ЕЗ таны талд байгаа бөгөөд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байна" гэж Ш.Мишель бичжээ. "Оросын энэхүү алхам нь олон улсын хууль тогтоомж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд халдсан алхам юм" гэж тэрбээр тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ