Хонконгийн оршин суугчдад 1200 ам.долларын ваучер олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-02-23 14:45:52

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид цар тахлын үед хэрэглээг дэмжих зорилгоор иргэддээ энэ онд дахин цахим ваучер тараахаар шийджээ. Энэ оных нэг хүнд ногдох 10 мянган хонконг доллар буюу 1280 ам.долларын ваучер байх бөгөөд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байна гэж санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга (сайд) Пол Чан өнөөдөр мэдэгдсэн байна.


“Өнгөрсөн онд бид анх удаа хэрэглээний ваучерын схемийг нэвтрүүлсэн. Энэ нь зах зээлийн өөдрөг байдлыг бэхжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэхэд болон эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд нөлөөлсөн. Түүнчлэн цахим төлбөрийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан” гэж тэрбээр Хууль тогтоох зөвлөлд төсвийн талаар мэдээлэлд өгөхдөө онцлон тэмдэглэжээ.


“Өнгөрсөн жилийн туршлагад тулгуурлан би Хонконгийн 18-аас доошгүй насны байнгын оршин суугчдад 10 мянган хонконг долларын ваучерыг хэсэгчлэн олгох энэхүү схемийн шинэ үе шатыг эхлүүлж байгааг мэдэгдэж байна” гэж Пол Чан хэлсэн байна. 


Энэхүү хөтөлбөрт төсвөөс нийт 66.4 тэрбум хонконг доллар /8.5 тэрбум ам.доллар/ гаргах бөгөөд эхний шат нь дөрөвдүгээр сард, хоёр дахь шат нь оны дундуур эхлэх аж.  


 


Холбоотой мэдээ