“Монпэн санаачилга” төслийн оношлуурт шаардагдах зардлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-25 18:46:40

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ОНХС-гийн хөрөнгөөр зүрх, судасны өвчнөөс сэргийлэх “Монпэн санаачилга” төслийн оношлуурын зардал болох 42,1 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Монпэн” загвар төслийг өргөжүүлэн Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нийт 132 төвд хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд өнгөрсөн онд ЭМАШТҮ-ний байгууллагуудад суурь үнэлгээ хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай, найман төрлийн 3.4-4.6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Түүнчлэн цахим программ нэвтрүүлэхээр Эрүүл мэндийн байгууллагын эмч нарын судалгааг хүргүүлж, эрхийг авахаар ажиллаж байгаа аж.

Төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр ДЭМБ-ын HEARTCARE цахим функцыг цахим жорын программд нэгтгэж, зүрх, судасны өвчлөлийн арван жилийн эрсдэлийг үнэлэх, артерын даралт, глюкоз, холестерин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлтийг хянахад хялбар болно гэж үзэж байна. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд зүрх, судасны өвчний эрсдэл, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хяналт сайжирч, тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо хоёр дахин буурах аж. 

Холбоотой мэдээ