Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-07-25 13:23:27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нар яамны тамга, зарим баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө.

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны бүтцийг нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам болгохоор шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээлцэхэд байлцаж, шинээр томилогдсон сайдад ажлын амжилт хүсч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нарт талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт нь хүсэв.

Н.Номтойбаярын товч намтар:

1986-1995 онд 10 жилийн 45-р дунд сургууль, 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль төгссөн.  Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжилтэй.  Инженерчлэлийн магистр,  Бизнесийн удирдлагын магистр  зэрэгтэй.

 Тэрбээр 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд *Монголын Алт* /MAK/ ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд *Монголын Алт* /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд *Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв* ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд *Монголын Алт* /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж ирсэн. Мөн тэрээр 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

 Н.Номтойбаяр 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон  ажиллаж байна. 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.  Англи хэлтэй.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ