Мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-11 13:43:48

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн холбоодын  анхдугаар зөвлөгөөн”-ийг энэ сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Гаалийн газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ОНӨҮГ, Олон улсын хөтөлбөр, төслийн байгууллагууд, Мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцсон юм. Талууд цаашид аймаг орон нутгийн хэмжээнд бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцсон байна. Түүнчлэн мэргэжлийн холбоог цаашид бүх салбарт байгуулах, үйл ажиллагааг нь дэмжих, өөрсдийн ажлын байраа хадгалах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр төртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажилладаг байхыг талууд чухалчилж байна гэлээ.

“Мэргэжлийн холбоо” нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн, мэргэжлээрээ эвлэлдэн нэгдсэн иргэдийн төрийн бус байгууллага бөгөөд одоогоор улсын хэмжээнд 120 мэргэжлийн холбоо, Дорнод аймагт 29 мэргэжлийн холбоо үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ