Д.Одонсамбуу: Гадны отор байхгүй ч, манайхан өөр аймагт нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-12 13:31:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуутай уулзаж, мал аж ахуйн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 - Өвөл өнтэй болж, хавар хавтай байна. Мал төллөлт ямар байна вэ?

- Өнөөдрийн байдлаар мал төлөлт дөнгөж эхэлж байна. Сумын хэмжээгээр төллөх эх малын 0,5 хувь төллөсөн мэдээтэй байна. Тугал хоёр, хурга 293, ишиг 130 нийт 425 төл бойжиж байна. Манай сум мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулж, зургаан зорилт 36 арга хэмжээг хэрэгжүүлж байна. Цаг сайхан байгаа болохоор мал аж ахуйн хаваржилт энэ жилийн хувьд тавтай сайхан байна.

2021 онд манай сум нийт 727 малчин өрхийн 182,8 мянга гаруй мал тоолуулсан. Өөр аймгийн малчдын отор нүүдэл байхгүй, цас багатай малын зүй бус хорогдол гаргалгүй мал сүргээ онд мэнд орууллаа. Нийтдээ 50,0 мянган мал буюу хонин толгойд шилжүүлснээр 119,0 мянган толгой мал нэмэгдэл тэжээлд орсон. Үүнд шаардлагатай 4315 тонн өвс, 700 тонн үйлдвэрийн тэжээл, 40 тонн ногоон тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 4584 тонн өвс, 184 тонн үйлдвэрийн тэжээл, 185 тонн ногоон тэжээл, 84 тонн гар тэжээл, 114 тонн сүрэл, 380 тонн хужир шүү бэлтгэсэн.

- Өвөл, хавар цаг сайхан байгаа болохоор өвс, тэжээлийн хэрэгцээ бага байна уу?

- Тийм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвс, тэжээлийн зарцуулалт бага, нөөц их байна. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 60 хувийг зарцуулсан байна. Сумын аюулгүйн нөөцөд 100 тонн ногоон тэжээл 5,7 тонн улаанбуудай, 0,8 тонн овьёос бэлтгэсэн. Нөөцөд бэлтгэсэн тэжээл хэвээрээ байна.

- Өөр орон нутагт оторт яваа малчид байна уу?

- Цаг сайхан байгаа ч гэсэн нутаг дэвсгэр багатай учир гадны суманд 42 өрхийн 16,0 мянган мал оторлож яваа. Үүнээс 32 өрхийн 10,0 мянган толгой мал Төв, Архангай, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт отор нүүдэл хийгээд явж байна. Оторт яваа малчдын хувьд цаг сайхан байгаа хаваржилт тавтай сайн байна. Бид байнга холбоотой мэдээлэлтэй байна.

- Манай аймгийн зарим суманд малын халдварт өвчин бүртгэгдсэн. Танай сумын хувьд байдал ямар байна вэ?

- Сүүлийн үед малын шүлхий өвчин гарсан. Сумын нутаг дэвсгэрт дөрвөн голомтод есөн өрхийн 74 үхэр, 170 хонь, 37 ямаа нийт 280 гаруй мал өвчилснөөс 250 малыг эмчилж, хорогдолгүй байгаа. Өвчтэй 30 гаруй малд эмчилгээ хийж байна. Шүлхий өючнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх үхэр сүрэгт вакцин хийж эхлээд байна. Ирэх 7 хоногт дуусна.

Хаваржилт сайхан малчид хаваржаандаа бууж төл төллүүлэх бэлтгэлээ бүрэн хангаад ууган төлөө бойжуулж эхлээд байна.

Холбоотой мэдээ