Гаалийн байгууллага энэ онд 450 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-14 16:01:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллага энэ онд 192 зөрчил илрүүлж, 251.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 450 сая гаруй төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.


Энэ талаар Нийслэлийн гаалийн газраас хилээр орж ирж буй ачаа барааны хяналт шалгалт, зөрчлийн талаар хэвлэлийн хурал хийх үеэр ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, "Гаалийн байгууллага өнгөрсөн онд нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвт 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1.6 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг ногдуулж, шийдвэрлэсэн. Нийт зөрчлийн 85 хувь нь орох, 15 хувь нь гарах чиглэлд үйлдэгдсэн ба зөрчилд холбогдсон субъектуудын 55 хувь нь зорчигч буюу иргэн байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллагын хэмжээнд 192 зөрчил илрүүлж, 251.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 450 сая гаруй төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх буудалд  гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн 60 зөрчил илрүүсэн. Эдгээр зөрчлийн 64 хувь нь орох, 36 хувь нь гарах чиглэлд тус тус үйлдэгдсэн. Турк улсаас Монгол руу чиглэсэн бараа, зорчигч эргэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны хууль бус эргэлт өсөх хандлагатай байна” гэлээ.


Мөн тэрээр, “Цахим орчинд цацагдсан гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхины тухайд гэвэл өнгөрсөн оны наймдугаар сард Улс хоорондын шуудан илгээх гаалийн газраас Монгол Улсын иргэн Африкаас илгээмж хүлээн авахдаа нэг кг орчим мөс буюу метамфетаминыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Мөн өнгөрсөн оны сүүлээс Монгол Улс руу маш хүчтэй үйлчилгээтэй шинэ төрлийн мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлж байж болзошгүй үйл ажиллагааг гааль, хууль сахиулах байгууллага хамтран шалгаж байгаа. Бүх ажиллагаа дууссаны дараа хамтарсан байдлаар мэдээлэл өгөх болно" гэв.

Алт, үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид татвараас зугтааж, бусдад дамжуулах, нуух зэрэг үйлдлүүд гарч байна. Сүүлийн таван сарын байдлаар 10 удаагийн зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 335.2 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 167 сая төгрөгийн татвар ногдуулсан. Хамгийн сүүлийн байдлаар Турк-Улаанбаатарын нислэгийн зорчигч алт, үнэт эдлэлээ нисэх буудлын бие засах газарт нууж, бусдад дамжуулахыг оролдсон байна.

"Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж, “Өнгөрсөн долоо хоногт тухайн мэдүүлэгч энэ сарын 7-нд гаальд мэдүүлэхдээ 19.9 тонн 472 хайрцаг ачааг мэдүүлсэн. Маргааш нь бүх нийтийн амралтын өдөр байсан. Ингээд бид өнгөрсөн долоо хоногт Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хажууд хяналт шалгалт хийсэн. Мэдүүлэгч ирэхгүй, ирэхээрээ шалгуулахгүй байсан. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт шалгарсан. Өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаж дууссан. 120 ачаа нь хяналт шалгалтад ороход бэлэн байгаа. Одоогоор тухайн иргэн ирж ачаагаа шалгуулаагүй байна” гэлээ.


ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа, “Гаалийн харилцаанд орж буй иргэн бараагаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Иргэн Ю бараагаа гаальд дутуу мэдүүлсэн байна. Өнөөдрийн шалгалтын байдлаар 13 500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байгаа нь тогтоогдсон. Одоо 120 боодол ачаанд хяналт, шалгалт хийх дутуу байгаа бөгөөд дээрх тоо яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Тухайн хүн нь хяналт шалгалтын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг завдсан. Ачааг рентгенээр шалгаад шаардлагатай ачаан дээр эрэлч нохой ажиллуулдаг. Тухайн иргэн тээвэрлэлтийн зардлаа худал мэдүүлсэн ба ачаа бараагаа 22 мянган ам.доллар буюу 64 сая төгрөгөөр тээвэрлэлт хийлгэж авч ирүүлсэн гэж мэдээлсэн. Гэхдээ тээврийн байгууллагатай холбогдож тодруулахад 64 сая биш 308 сая төгрөгийн тээвэрлэлт хийсэн байна. Түүнчлэн тэрээр барааны нэр төрлөө худал мэдүүлсэн, барааны тоо хэмжээг дутуу мэдүүлсэн болон зарим бараагаа огт мэдүүлээгүй байсан. Тухайн иргэн анхнаасаа худал мэдүүлсэн байж болзошгүй үйлдэл байсан тул нарийвчилсан хяналт шалгалт хийсэн. Мөн электрон тамхийг нэвтрүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй. ДЭМБ-аас хэрэглээг нь хязгаарлаач гэсэн зөвлөмж ирсэн. Электрон тамхины асуудлаар хууль албан ёсоор хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд жилд 1.2-1.3 сая орчим ширхэг орж ирж байгаа гэсэн үзүүлэлт бий. Тамхины хяналтын тухай хуулийн төсөл яригдаж байгаа. Үүн дээр гаалийн байгууллага саналаа өгсөн” гэлээ.

 

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл. Гаалийн тухай хууль зөрчих

1.Гаалийн тухай хууль зөрчиж:

1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;

1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;

1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;

1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;

1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.






Холбоотой мэдээ