Баян-Өлгий аймаг 20 сая мод тарьж, ойн сангаа 0,8 хувиар нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-14 15:03:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 58 дугаар зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2030 он гэхэд 20 сая мод тарих санаачилга гаргаад байгаа.

Энэ хүрээнд “Ногоон–Өлгий” дэд хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-тай хариуцлагын гурвалсан гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үзэглэсэн.


Баян-Өлгий аймгийн ойн сангийн тухай мэдээлэл

Баян-Өлгий аймаг нь ойн сан бүхий 10 сумтай бөгөөд 2018 оны Ой зохион байгуулалтын судалгаагаар ойн сангийн нийт талбайг 139,5 мянган га гэж тогтоожээ. Үүнээс 101,6 мянган га талбай буюу 72.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай, 37,8 мянган га буюу 27.1 хувийг ойгоор  бүрхэгдээгүй талбай эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбайн 95 хувь нь байгалийн ой, 5  хувь нь сөөг, торлог байна. 

Ойгоор бүрхэгдээгүй талбайн 37,5 мянган га буюу 99.3 хувийг тармаг мод, 96 га буюу 0.25  хувийг шатсан ой, 125 га буюу 0.3 хувийг мод бэлтгэсэн талбай, 45 га буюу 0.1 хувийг  ойжих талбай тус тус эзэлжээ.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын баг байгууллаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийв. Эрдэмтэн мэргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, эко клубийн сурагчдын оролцоотойгоор мод тарих, түүний арчилгаа хамгаалалтын талаар сургалт семинар мөн зохион байгуулав. 2022 оноос 2030 он хүртлэх 8 жилийн хугацаанд хэрэгжих “Ногоон Өлгий” дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар оруулан батлууллаа.

Тус дэд хөтөлбөрийн хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайг дэмжих, шинээр 4 мод үржүүлгийн талбай байгуулах замаар 20 сая ширхэг мод тарьж, одоо байгаа ойн сангийн талбайг 0,8 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн 1 хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг одоогийн суурь түвшнээс /87,1 м.кв/ нэмэгдүүлж 285,7 м.кв-д хүргэх аж.

Энэ хүрээнд:

1. Ойжуулалт хийх, ойн зурвас байгуулахаар төлөвлөж буй 540 байрлалыг орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авч, хамгаалалтын журам тогтоох;

2. Ховд голын эргийн ойн нөхөн сэргээлтээр 500 га газарт 1,25 сая ширхэг мод тарих;

3. Булаг шандны голдирол дагуу 1000 га талбайд 2,5 сая мод тарьж, ойн зурвас байгуулах, урсац болон булаг шандны ундаргыг дэмжих;

4. Өлгий сумын ойн зурвас болон айл өрхийн мод тарилтыг өргөтгөж 300 га талбайд 900 мянган мод тарих;

5. Толбо нуурын эко системийг хамгаалах ба ард иргэдийн амралтын газрыг сайжруулах “Агро ойжуулалт” хийх зорилгоор зориулалтын ойн зурвас, ойн төглийг 700 га газарт байгуулж 1,12 сая мод тарих;

6. Шинээр 4 газарт Мод үржүүлгийн талбай байгуулах;

7. Тариалан, хадлангийн талбайн хамгаалалт болгож ойн зурвас байгуулан  500 га газарт 1,25 сая мод;

8. Аймаг болон сумдын төвд багадаа 20- 30 га газарт ойн зурвас байгуулж ногоон төгөл бий болгох, нийт 500 га газарт 1,25 сая мод;

9. Ой доторх ойжуулалт хийх ажлын хүрээнд 3,9 мянган га газарт 10,23 сая;

10. Байгалийн сэргэн ургалтад туслах ажлын хүрээнд 500 га газарт 1,5 сая мод  тус тус тарих;

11. 114 га газарт цэцэрлэгт хүрээлэн, таримал ойн төгөл шинээр байгуулахаар төлөвлөөд байна.

Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд 2022 онд 2,1 тэрбум, нийтдээ 37,5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөОлон улсын байгууллагын хандив, тусламж, олон нийтийн оролцооны бүлгийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ