Цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-15 18:23:48

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ирэх жилүүдэд цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд гүний худаг гаргахад голлон анхаарна. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 200 сая төгрөгөөр нэг гүний худаг гаргажээ.

Сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын айл өрхүүдэд зэвтэй ус асуудал болоод байгаа юм. Тиймээс энэ жил орон нутгийн төсвөөр хийж хэрэгжүүлэхэд нэлээд ажлыг төлөвлөж, эхнээсээ хэрэгжиж байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг дарга газар дээр нь ажилласнаар цогц арга хэмжээ авахаар тогтсон байна. Тухайлбал, гүний худгаас ирж буй цуглуулах шугамыг графикт хугацаанд иж бүрэн цэвэрлэх, даралттай усаар угаах нөхцөл боломжоор хангаж, ундны усыг халдваргүйжүүлэхэд 150 сая төгрөгийн төхөөрөмжийг суурилуулахаар шийдвэрлэжээ. Мөн ундны цэвэр усыг цэвэршүүлэх гол элемент буюу кварцын элсийг нийлүүлэх тендерийг “Дорнод НАА” ХХК-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэхээр зарласнаас гадна цаашид төв станцаас орон сууцнууд, ААН-үүд рүү ус шахаж буй шугамыг цэвэрлэх ажлыг яаралтай хийнэ гэв. Түүнчлэн айл өрхүүдийн салбар шугамыг цэвэрлэх ажлыг энэ хавар эхлүүлж, шаардлагатай дөрвөн тэрбум төгрөгийг удахгүй болох аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, төсвийн тодотгол хийхээр төлөвлөж байгаа аж.  

Холбоотой мэдээ