Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгөх системийг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Швейцарын хөгжлийн агентлагийн хөгжүүлсэн Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем, системийн бичиг баримт, системийн эх код, мэдээллийн санг оюуны өмчийн эрхийн хамт хүлээн авлаа.
Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999-2000 онд зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн
төсөл хэрэгжүүлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ
боломж бий болгох, бодлогын таатай орчин бүрдүүлэхийг дэмжин, малчдын
амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд” урт
хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн. Тэр үеэс 17 жилийн хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг арвин
туршлага, сургамж хуримтлуулж,
мөн саад бэрхшээлийг хамтдаа туулж, ирээдүйн төлөө олон амжилт, үр дүнг бий болгожээ.
“Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд монгол малын гаралтай түүхий эдийн
гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, бэлчээр, байгаль орчин, мал амьтдад ээлтэйгээр бэлдсэнийг баталгаажуулах, зах
зээлд өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэх, дотоодод нэмүү өртөг шингээх, малчдын орлогыг нэмэхээр “Хариуцлагатай нүүдэлчид” малын
гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадлын стандарт, цахим мөшгөх системийг хөгжүүлжээ.
“Хариуцлагатай нүүдэлчин” зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих
шаардлага MNS 6891:2020
стандартын төслийг ХХААХҮЯ-ны ажлын хэсэг бэлтгэн, Стандарт,
хэмжил зүйн газрын даргын тушаалаар стандартыг баталсан. Швейцарын хөгжлийн агентлаг нь “Хариуцлагатай
нүүдэлчид” стандарт ба цахим мөшгөх системийн салшгүй хэсэг болох дараах систем,
мэдээллийн сангуудыг тусдаа хандивын гэрээгээр хүлээлгэж өгсөн аж.
Тухайлбал, Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем
Сүргийн менежментийн төлөвлөлтийн систем
Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн сан
Бэлчээрийн нөлөөллийн мониторинг, менежментийн мэдээллийн сан
Мал аж ахуйн нэгдсэн систем
Малын эрүүл мэндийн мэдээллийн систем
Сүүний үйлдвэрүүдийн дотоодын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг мөшгөх системийг нэрлэж болно