Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-16 14:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Японы элчин сайдын яаманд өчигдөр боллоо.


Элчин сайд Х.Кобаяши болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар тус төсөлд гарын үсэг зурлаа. Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос эхлэн гурван жилийн хугацаатай "Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2" төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын тулд дунд ангийн багш нарыг сургаж бэлтгэх, орон нутагт түгээн дэлгэрүүлэх, бодлогын зөвлөмжид тусгах үйл ажиллагааг Японы Хүүхдийг ивээх сан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.


Гарын үсэг зурах ёслолын дараа Элчин сайд Х.Кобаяши, Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон уг ёслолд оролцсон БШУ-ы яамны ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургуулийн захирал З.Тунгалаг, нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургуулийн захирал Ч.Алтансүх, нийслэлийн ерөнхий боловсролын 37-р сургуулийн захирал Ч.Дугармаа нартай боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан байна.


Дээрх төсөл нь нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай болон Ховд аймгийн зорилтот сургуулиудын 6-9 дүгээр ангид суралцаж буй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Түүнчлэн зорилтот ерөнхий боловсролын сургуулиудын 5-р ангийн сурагчдын бага ангиас дунд ангид дэвшин суралцах бэлтгэлийг сайжруулах, зорилтот ерөнхий боловсролын сургуулиуд 6-9 дүгээр ангийн тусгай хэрэгцээтэй сурагчдыг хүлээж авах, суралцах орчиндоо дасан зохицох, сурах үйл явцыг нь дэмжих материаллаг болон сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх,  эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийг гэр бүлийн орчинд дэмжих ойлголтыг гүнзгийрүүлэх, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бага ангиас дунд анги руу дэвшин суралцахдаа бие даан сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх тэгш хамруулах боловсролын цогц тогтолцоог төлөвшүүлэх үр дүнтэй гэж үзэж байгаа юм байна.


Холбоотой мэдээ