Баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх тогтоол батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-16 14:23:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Баруун, зүүн босоо чиглэлийн төмөр зам тавих ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол баталсан талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэв. 


Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Тус ажлыг үргэлжлүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн тогтоолд тусгажээ. 


Монголын төмөр зам дээрх төсөлд оролцох сонирхолтой компаниудтай хамтран тусгай зориулалтын компани байгуулах юм. Ингэснээр ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, дээрх концессын гэрээний нөхцөлөөр төслийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, төмөр замын ажил дууссанаас хойш тодорхой хугацааны дараа Монголын төрд төмөр замыг 100 хувь төлбөргүй шилжүүлнэ гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээллийн үеэр тодотголоо. Тэрбээр дээрх тогтоол батлагдсантай холбогдуулан гадаад, дотоодын бүх салбарын хөрөнгө оруулагчдад концессын гэрээний нөхцөлтэй, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын төмөр зам тавих ажилд оролцохыг урилаа.


Баруун босоо чиглэлийн төмөр замыг Арцсуурь-Нарийн сухайт-Шивээ хүрэн гэсэн чиглэлд тавих бөгөөд урьдчилсан байдлаар 1250 км орчим урттай байх аж. Харин Зүүн босоо чиглэлийн хувьд, Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт гэсэн чиглэлд 426.6 км урттай байхаар төлөвлөж байна. 


Ташрамд дурдахад, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд баталж байсан ч 2019 оны хавар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогоор гурван том төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжиж байгаа юм. Эдгээрээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын анхны тээвэр зэсийн баяжмалын экспортоор энэ сарын 5-нд эхэлсэн. Дараа долоо хоногт Ерөнхий сайдын орон нутгийн томилолтоор тус төмөр замыг албан ёсоор нээхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ