Цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хүндэтгэл илэрхийлэв

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-03-18 12:52:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт энэ сарын 17-нд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 

Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Мөнхсоёл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид оролцов. 

Баярын хурлыг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэхдээ, "Монгол эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдлын төлөө энэ бие, халуун сэтгэлээ зориулсаар ирсэн цэрэг дайчдадаа талархал илэрхийлье" гээд хүндэтгэл илэрхийлсэн. 

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээний шилдгүүд мөн үеэр шагналаа гардан авсан бол хариуцсан ажил үйлсээрээ манлайлсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад төрийн дээд одон, медаль, аймаг орон нутгийн шагналыг удирдлагууд гардууллаа. 

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамтарсан тоглолтоо толилуулснаар тус үйл ажиллагаа Баганат талбайд Баянхонгор аймгийн цэргийн хүрээний нэгдсэн тооллогоор үргэлжлэв.