Ж.Байден Брюссельд айлчилсныхаа дараа Польшийг зорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европын Холбоо /ЕХ/, НАТО-гийн орнуудын удирдагчидтай Брюссельд уулзсаныхаа дараа Польшид хүрэлцэн очиж, гуравдугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзана гэж Цагаан ордон мэдээлэв.
“Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Жозеф Р.Байден Бельгийн Брюссель хотноо НАТО-гийн холбоотон улсууд, “Долоогийн бүлэг”, ЕХ-ны орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа Украинд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин чармайлтыг болон тус улсад халдан түрэмгийлснийх нь төлөө Орос улсад урьд өмнө байгаагүй их хэмжээний, хүнд хохирол учруулах талаар хэлэлцэхээр Польш улсыг зорино” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна. Байдены Дудатай хийх хоёр талын уулзалт гуравдугаар сарын 25-нд болно.
Америкийн Ерөнхийлөгч Украины нөхцөл байдлаас үүдэлтэй хүмүүнлэгийн болон хүний эрхийн хямралд "АНУ холбоотнууд, түншүүдийнхээ хамтаар хэрхэн хариу арга хэмжээ авч байгаа" талаар хэлэлцэнэ гэж Псаки мэдэгджээ.