С.Гэрэлбаатар: Говийн бүсийг ойжуулах судалгааны ажил анхаарал татаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс
санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд, Дэлхийн ойн өдрийг
тохиолдуулан МУИС-д өнөөдөр “Оройн нахиа” оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, МУИС, “Ногоон хэрэм”
төслөөс хамтран зохион байгуулсан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Байгаль орчин, ногоон бодлогын хөгжлийн зөвлөх Н.Батхүү нээж үг хэлэв.
Тэрээр, улс орон даяар өрнөж буй “Тэрбум мод” хөдөлгөөний ач холбогдлыг танилцуулж, энд ойн мэргэжлийн залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг их буйг онцоллоо. Монгол Улсад ойн залуу судлаачдын ур чадварыг дээшлүүлэх шаардлага зэрэгцэн гарч буй нь нэн чухал буйг тодотголоо. Эрдэм шинжилгээний хурлын талаар зохион байгуулагч МУИС-ийн доктор, профессор С.Гэрэлбаатараас тодруулав.
-Хуралд оюутнуудын хичнээн
илтгэл, судалгааг танилцуулж, ямар ямар сэдвийг хөндөж байна вэ?
-Өнөөдрийн манай хуралд ХААИС,
тус сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, МУИС, ШУТИС, олон улсын
Улаанбаатар их сургуулийн оюутан, багш нар оролцож байна. Оюутнууд бакалавр, ахисан
түвшний болон ханын илтгэл гэсэн 3 ангиллаар оролцон илтгэл тавьж, судалгааны
ажлаа танилцуулж байна. Эндээс шүүгч нар шилдэг илтгэлүүдийг шалгаруулах юм. Хуралд
говийн бүсийн Гурвантэс, Баянзагд загийн ойг нөхөн сэргээж, ойн сан бүхий нөөц
бүрдүүлэх, загийг бортгонд суулган тарих, бусад бүсэд элдвэ навчит улиасны үр, чанарын судалгааг хийж буй
зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, судалгааны дүнгээ багш, оюутнууд
танилцуулж буйгаар онцлог байна.
-Тодруулбал, мэргэжилтэн,
эрдэмтдийн анхаарлыг ямар судалгаа татаж, онцлог хөндөж буй сэдэв юу байна вэ?
-Монгол орны ойн нөхөн
сэргээлттэй холбоотой, ялангуяа ойжуулалтын технологитой холбоотой олон
судалгаа, илтгэл байна. Эндээс ялангуяа Монгол орны хуурай, гандуу бүс нутгийн,
говь цөлийн нөхцөлд хийх ойжуулалт, нөхөн сэргээх технологийн судалгааны үр дүнг
танилцуулж байгаа нь ихээхэн өвөрмөц, анхаарал татаж байна. Нөгөө талаар манай
орны хойд хэсгийн буюу сэрүүн бүсийн ойн доройтлыг бууруулах, түүнд гол сөрөг
нөлөө үзүүлж буй хортон шавьжтай тэмцэх ажлын үр дүнг харуулсан хэд хэдэн илтгэл
тавигдсан нь онцлог байлаа.
Бид ойг хамгаалж, нөхөн сэргээх талаар, аль аль талын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, оюутнуудыг илтгэлийн ур чадвар, үр дүнгээр уралдуулахаас гадна, цаашид энэ судалгаа, шинжилгээг Монгол Улсад хэрэгтэй байдлаар амьдрал практикт нэвтрүүлж, хэрэгжүүлэх, ингэхдээ юунд анхаарах гэдэг дээр эрдэмтэн судлаач, шүүгч багш эрдэмтдийн зөвлөгөөг авч буйгаар онцлог болж байна гэв.
Эрдэм шинжилгээний хуралд:
- ХААИС-ийн Дархан салбар
сургуулийн оюутан Ц.Ууганбаяр, удирдагч багш Б.Цэрэнадмид “Ойн зурвас байгуулж
нөхөн сэргээсэн талбайн ургамлын бүлгэм”,
- ШУТИС-ийн оюутан
С.Дэлгэрзаяа, удирдах багш Б.Баярцэцэг нар “Ойн санд гэрлэн урхийг ашиглаж буй технологи”,
- МУИСийн оюутан С.Баттогтох,
удирдагч багш Б.Цэнгэл нар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн судалгааны
явц”,
- МУИС-ийн оюутан Ё.Гантөгс, удирдагч багш С.Гэрэлбаатар, Б.Оюунсанаа нарын “Баруун Хэнтийн байгалийн нарсан ойн сэргэсэн ургалтад огтлолын эрчмийн үзүүлэх нөлөө” зэрэг сэдвээр 30 шахам илтгэл тавьж судалгааны дүнг тус тус танилцуулав.
Гэрэл зургийг Н.Батбаяр