"Газрын доорх ус харагдахгүй ч анзаарахгүй байж болохгүй" хэлэлцүүлэг өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-25 14:46:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа”,  “Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа” хамтран  "Газрын доорх ус харагдахгүй ч анзаарахгүй байж болохгүй" сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гдравугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан цэвэр усны ач холбогдолд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, усны нөөцийн тогтвортой менежментийг сурталчилдаг юм.

Өнөө жил энэхүү өдрийг "Газрын доорх усыг танин мэдэхүй" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан БОАЖГ,  “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа”,  “Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа” хамтран уг хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн усны салбарын бодлого үйл ажиллагааг чиглүүлдэг төрийн байгууллагууд, ус ашиглагч аж ахуй нэгж, иргэдийн дунд хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөцийн хомсдол, түүний зохисгүй хэрэглээ усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх боломжийг иргэн аж ахуй нэгж байгууллагуудад сурталчилах, мэдлэг мэдээллээр хангах, өнөө цагт тулгамдаж буй усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, бохир ус боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа тухай БОАЖГ-аас танилцууллаа.

Харин үр дүнд сэдвийн хүрээнд нэгдсэн зөвлөмж гарч, цаашдын хамтын ажиллагаа уялдаа холбоо сайжирч, "Усны тухай" хуулийн хэрэгжилт бүрэн хангагдана хэмээн зохион байгуулагчид онцлон танилцуулав.


Холбоотой мэдээ