У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-29 09:18:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” сэдвээр Төрийн ордны Их танхимд өнөөдөр эхэллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлэг, Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.


Чуулганы нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  үг хэлэв. Тэрбээр, "Сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх темпратур 1.09 хувиар нэмэгдэж, биологийн олон төрөл зүйл устаж байна. Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг ч уур амьсгалын өөрчлөлтөд асар их өртөж байгаа орны нэг юм.

Тухайлбал, сүүлийн 80 жилд манай улсын агаарын дундаж температур 2.25 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж нийт газар нутгийн тэн хагас нь хүчтэй цөлжсөн ангилалд багтаж байгаа юм.

Сүүлийн 10 жилд манай улсад цаг ууртай холбоотой гамгшийн тоо 1990 оныхтой харьцуулахад гурав дахин өссөн байна" хэмээн тэмдэглэв. Түүнчлэн, "Дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 хувьд хүргэхээ амласан. Харин Монгол Улс 2016 оны баримт бичигт хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Өнгөрсөн 12 дугаар сард Глазгов хотод болдсон дээд түвшний уулзалтад манай улс дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж ногоон санхүүжилтийг нэмэх замаар дээрх зорилтот түвшнийг 27.2 хувь хүртэл ахиулах боломжтойгоо мэдэгдсэн" хэмээлээ. 


Мөн тэрбээр, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг нэмэх зорилт тавьж, цаашид зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор, Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж, нар салхины арвин нөөцийн эх үүсвэрийг ашиглаж бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж буйг дурдав. 


Түүнчлэн хүлэмжийн хийн шингээлтийг нэмж, хөрсний доройтлыг бууруулах, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах хөдөлгөөн өрнүүлж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.

Тэрбээр, "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь Ази төдийгүй, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэндийн хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд тооцож байна.

Энэ хөдөлгөөнөөр ажлын байр нэмэгдэж, ядуурлыг бууруулах, хүнсний хангамж сайжрах, тарьц, суулгац, бордоо, ургамлыг хамгаалсан бодисын үйлдвэрлэл нэмэгдэж, хог хаягдлыг дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны хүлэмж байгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон үр өгөөжтэй" хэмээгээд, Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийн төсөв хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэснийг тодотгов. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үгийнхээ төгсгөлд, өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэхэд чиглэж буйг тэмдэглээд, "Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагч, дотоодын санхүүгийн салбарын манлайлал нэн чухал байгаа"-г тэмдэглэлээ. 


Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг "Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.


Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Монголын тогтвортой санхүүгийн холбоо зохион байгуулна. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Олон улсын санхүүгийн корпорац, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулж байна. 



Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг энэ сарын 21, 22-нд болсон. Улмаар энэ сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Холбоотой мэдээ