Руфат Алимарданов: “Тэрбум мод” бол дэлхийн удирдагчдад үлгэр жишээ болсон санаачилга

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2022-03-29 11:24:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд үргэлжилж байна.


“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын хүрээнд зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов оролцож үг хэллээ. Тэрбээр, “Дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт 2030 он гэхэд 130 сая хүнд нөлөөлж, ядууралд өртөх төлөвтэй байна. Зүүн Азийн хувьд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг эзэлж байгаагаас үүнийг харж болно. 2019 оноос хойш цар тахлаас үүдэлтэйгээр төсөв хөрөнгийн боломж хязгаарлагдмал байгаа тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах нь зөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" санаачилгыг маш зөв зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, манлайлан ажиллаж байгаа нь дэлхийн удирдагчдад үлгэр дуурайл болсон алхам гэж үзэж байгаа. Тиймээс ч энэ бол бэлгэ тэмдэг болсон санаачилга. Аливаа санаачилга гаргах нь хялбар боловч түүнийг хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс бэлтгэл ажил, гүйцэтгэл хамгийн чухал учраас үүнд нь анхаарч ажиллах нь зөв юм” гэлээ.


Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг "Монголын эдийн засгийн чуулган 2022" -ын нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.

Холбоотой мэдээ