Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган ба Ерөнхийлөгчийн үг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-03-29 12:59:07


“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” гуравдугаар сарын 29-30-нд Төрийн ордонд болж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтноход хүчтэй заналхийлж,  улс орнууд ч өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгааг дурдав. Мөн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахлын хямралтай нүүр тулж, асар их хохирол амссан бөгөөд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, эх дэлхийнхээ төлөө зоримог, шийдвэртэй алхам хийх шаардлагатай байгааг дэлхий нийтэд сануулж байна гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгээс онцолбол,


-Сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын төрөл зүйл устан үгүй болсоор байна. Монгол Улсын хувьд дэлхийн нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг боловч уур амьсгалын өөрчлөлтөд асар их хэмжээгээр өртөж байгаа улс юм.

Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна.


ийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжсөн хийгээд сүүлийн 10 жилд цаг уураас шалтгаалсан гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өсжээ.

-Улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлж, хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг “0” хувьд хүргэх, Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан.

-Өнгөрсөн 12 дугаар сард Их Британи Улсын Глазгоу хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд түвшний уулзалтын үеэр манай улс дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтолцоогоо сайжруулах замаар дээрх зорилтот түвшнийг 27.2 хувь хүртэл бууруулах боломжтойг дэлхийн нийтэд мэдэгдсэн. Энэ зорилтыг хангахад Тэрбум мод хөдөлгөөн тодорхой үүрэг гүйцэтгэнэ.


-Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бидний хувьд эн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хүлэмжийн хийн шингээлтийг нэмж, хөрсний доройтлыг бууруулах, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ хөдөлгөөн нь Ази төдийгүй Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэндийн хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд тооцож байна. Ажлын байр нэмэгдэж, ядуурлыг бууруулах, хүнсний хангамж сайжрах, тарьц, суулгац, бордоо, ургамлыг хамгаалсан бодисын үйлдвэрлэл нэмэгдэж, хог хаягдлыг дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны хүлэмж байгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон үр өгөөжийг энэхүү хөдөлгөөн бий болгох юм. Түүнчлэн ховор, нэн ховор эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалж, өсгөн үржүүлж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад онцгой ач холбогдолтой юм.


-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд маань нэгдэж, хамтран идэвхтэй ажиллаж байна. Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийн төсөв хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.

 

-Зүүн Хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг Монгол Улс дэмжиж, нар, салхины арвин нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

-Сүүлийн жилүүдэд байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал нэмэгдэж байгаа тул хог хаягдлын менежментийг сайжруулж, байгальд ээлгүй, үрэлгэн хэрэглээнээс татгалзах шаардлагатай байна.

Иймд байгаль орчны бохирдол, экологийн доройтлыг эрс бууруулах, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, нийгмийн эрх тэгш, шударга байдлыг хангах, ногоон хөгжлийг цогцлооход эдийн засаг, нийгмийн бодлого бүрэн чиглэгдэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, сорилтыг дангаар шийдвэрлэж, даван туулах боломж хязгаарлагдмал тул олон улс, бүс нутгийн хэмжээнд харилцан ашигтай хамтран ажиллах нь үр дүнтэй.


-Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал. Төрөөс ногоон хөгжлийг дэмжих зорилго бүхий Ногоон хөрөнгө оруулалтын корпорац, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон сан, Ногоон зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн механизмыг хөгжүүлж, үр дүнтэй ажиллах шаардлагатайг эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг.


-Олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хандивлагч орнууд байгаль орчны асуудалд онцгой анхаарч, ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх болсон энэ цаг үед Монгол Улс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна.  

 

Мөн тэрбээр чуулганаас хэд хэдэн чиглэлээр санал санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна гэсэн.

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах, үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,

-Монгол Улс дотооддоо төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрт уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан тооцох тогтолцоог бүрдүүлэх,  

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж, арга замыг тодорхойло, төлөвлөгөө гаргах,

-Олон улсын шилдэг туршлагад үндэслэн Монгол Улсын ногоон санхүүжилтийн тогтолцоо, зорилт, чиглэлийг шинэ түвшинд гаргах “Үндэсний тогтвортой санхүүгийн стратеги, замын зураг”-ийг батлах,

-Хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн сонирхлыг нэмэгдүүлэх оновчтой бодлогын хөшүүргийг хөгжүүлэх,

Санхүүгийн салбарт ногоон зээл, ногоон хөрөнгийн зах зээлийн бодлогын болон эрх зүйн орчны шинэчлэлийг тодорхойлох,  

 


Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулахад чуулганы зорилго оршиж байна.



Чуулганаар:

Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлээсэн үүрэг, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого;

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа;

Тогтвортой санхүүжилтийн замын зураг;

Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт;

Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмж. Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг;

Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Холбоотой мэдээ