“Huawei” компанийн орлого буурч, цэвэр ашиг нь өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-29 16:04:21

БЭЭЖИН. /CNBC/. Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн жилийн орлого анх удаагаа буурсан дүн үзүүлжээ. Гэхдээ үр ашигтай байдлаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаатай холбоотойгоор цэвэр ашиг нь өссөн байна.


“2021 онд орлого буурсныг үл харгалзан бидний үр ашигтай байдал нэмэгдэж, тодорхойгүй байдлыг даван туулах чадвартай болж байна” гэж “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу мэдэгджээ.


Даваа гарагт болсон жилийн тайлан танилцуулах ажиллагаа нь Мэн Ваньжоугийн хувьд Канадаас Хятадад ирснээсээ хойш зохион байгуулсан хамгийн анхны томоохон арга хэмжээ болжээ. Тэрбээр Шэньжэн хот дахь “Huawei” компанийн төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлсэн байна.


2021 онд “Huawei” компани 636.8 тэрбум юанийн /99.9 тэрбум ам.доллар/ орлого олсон нь өмнөх оныхоос 28.5 хувиар буурчээ. Ингэснээр жилийн орлогын хэмжээ нь тайланг танилцуулж эхэлсэн 2002 оноос хойш анх удаагаа буурсан дүн үзүүлсэн байна.


Хэвлэлийн бага хурлын үеэр Мэн Ваньжоу компанийн орлого буурсан гол шалтгаануудад АНУ-ын хориг арга хэмжээнүүд, “нийлүүлэлттэй холбоотой сорилтууд” болон Хятадад “5G”-гийн эрэлт буурсан зэргийг нэрлэжээ. Харин өнгөрсөн онд цэвэр ашиг 2020 оныхоос 75.9 хувиар өсөж, 113.7 тэрбум юаньд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ