Тухайн газрыг хамгаалалтад авснаар биологийн олон төрөл зүйлийг устахаас сэргийлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Отгон сум 140.000 га газар
нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.
Тодруулбал, амьтан ургамал, байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор дээрх га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Түүнчлэн тус суманд одоогоор уул уурхайн зориулалтаар олгогдсон лиценз байхгүй. Отгон сумын Бор хавцал орчмын дээрх га газар нутгийг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байгаа.
Тус сум нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх дурсгал, аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг юм. Олон тооны нуур, цөөрөм, гол нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд Буянт гол, Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын зэрэг олон голын эх ундаргын үүсвэр болдог газар юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Уулын бүсийн ирвэс, чоно, шилүүс, нохой зээх, аргаль, янгир, мануул мөн улаан номын эмзэг бүлэгт орсон монгол хадран, давжаа сугас, шивэр хадран зэрэг гурван зүйлийн загас бий. Харин тал хээрийн идлэг шонхор зэрэг өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий.
Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрддэг. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибирь алтанхундага, ягаан цээнэ, ацан ажгана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг онгон дагшин нутаг юм. Тиймээс энэ нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах нь зайлшгүй шаардлагатай юм.
Харин улсын
тусгай хамгаалалтад дархан цаазат газрын ангиллаар 25.000 га буюу
Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар, нөөц газрын ангиллаар 140.000 га
талбайг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Ингэснээр нийт
газар нутгийнхаа 50 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч,
байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх, байгалийн баялгийг зохистой ашиглах
нөхцөл бүрдэж байна. Мөн нэмж орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн судалгааг хийж байгаа. Ер нь орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад зайлшгүй авах газруудын судалгааг хийх нь маш чухал юм. Энэ нь байгалийн унаган төрхийг хадгалаад зогсохгүй тэнд амьдарч буй биологийн олон төрөл зүйлийг устахаас сэргийлж, хамгаалж буй хэрэг юм гэж Отгон сумын ЗДТГ-аас мэдээлэв.