Барилгын төсөвт өртгийг бууруулах зорилгоор ханын дүүргэгч материалын үйлдвэрийг орон нутагт байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн барилгын салбарын
удирдах ажилтны зөвлөгөөн болж барилгын салбарт тулгамдаад буй асуудлуудыг
шийдвэрлэх зорилгоор 9 асуудлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж
хэлэлцлээ.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Барилгачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ зөвлөгөөнд 70 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнд орон нутгийн удирдлагууд, Барилгын хөгжлийн төв, аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани, Завхан аймаг дахь Политехникийн коллеж, Ахмад барилгачдын холбоо, Төсөвчдийн холбоо, барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон.
Энэ зөвлөгөөнөөр 2022 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалт түүний хэрэгжилт, цахим норм, шинээр батлагдсан норм стандартын
танилцуулга, барилгын захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагуудын уялдаа
холбоог сайжруулах. Барилгын цахилгаан хангамжийн ажилд мөрдөгдөх норм
стандарт, угсралтын үед гаргадаг нийтлэг алдаа. Түгээмэл тархацтай орд газар
ашиглах хуулийн шаардлага, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, барилгын
материалын үнийн өсөлт зэрэг асуудлаар санал солилцож шийдвэрүүдийг гаргаад
байна. Эдгээр шийдвэрүүдийг энэ оноос эхлэн барилгын салбарт хэрэгжүүлэн
ажиллахад бүх талуудын уялдаа холбоог сайжруулна гэж зохион байгуулагчид
мэдээлэв.
Орон нутагт барилгын инженерийн зөвлөх баг ажиллуулдаг болно
Завхан
аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс орон нутгийн тусгай
зөвшөөрөлтэй зураг төслийн байгууллагын гүйцэтгэсэн ажилд орон нутагт экспертиз
хийдэг болгох шийдвэрийг гаргалаа.
Мөн
орон нутагт барилгын төсөвт өртгийг бууруулах зорилгоор ханын дүүргэгч
материалын үйлдвэр байгуулах төслийг дэмжих саналыг Барилга хот байгуулалтын
яаманд хүргүүлэхээр болов. Түүнчлэн барилга байгууламжийн техник хяналтын
зардлыг тухайн барилга байгууламжид бүрэн зарцуулдаг байх. Барилгын материалын
үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн,
байгууллагуудын барилгын материал бүтээгдэхүүнийг баталгаажуулалтад хамруулах,
тохирлын гэрчилгээтэй болгох. Барилга байгууламж барих, өргөтгөх засварлах
ажилд стандартын шаардлага хангасан гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй материал
бүтээгдэхүүн эдэлхүүн хэрэглэх. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх
зөвшөөрлийг олгохын өмнө барилгын материалын лабораторитой хамтран ажиллах
гэрээг байгуулж ажиллах. Барилгын техник хяналтын ажлын чанарыг сайжруулах
зорилгоор инженерийн зөвлөх баг ажиллуулдаг болох. Барилгын салбарт үйл
ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн
эрх, үүргээ үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж
ахуйн нэгж байгууллагын тайлан, үйл ажиллагааны үр дүнгийн статистик
мэдээллүүд, норм норматив боловсруулах санд төвлөрүүлэх орлого зэргийг цаг
хугацаандаа тайлагнаж хэвших. Техник хяналтын зардлаас зураг төсөв
боловсруулах, техникийн нөхцөл бүрдүүлэх, инженер геологийн дүгнэлт хийлгэх
зардлуудыг зарцуулдаг болгох зэрэг шийдвэрүүдийг зөвлөгөөнөөс гаргаж мөрдөж
ажиллахаар боллоо гэж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас
мэдээлэв.