Монгол Улс эх дэлхийд ээлтэй Ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-04 08:58:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн уур амсгалын өөрчлөлтийн улмаас 2030 он гэхэд ган гачиг, зуд турхан зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн 130 сая хүн өлсгөлөнд автана. Улмаар 20 жилийн дараа энэ тоо 200 саяд хүрнэ гэсэн тооцооллыг олон улсын байгууллагууд гаргажээ. Дээр дурдсан эрсдлээс сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих ёстой бөгөөд энэ нь шинжлэх ухааны няцаашгүй баримтад тулгуурлан гаргасан тоо гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцэд нэгдсэн талуудын 26 дугаар Бага хурлын өмнө мэдэгдэж байв.


Монгол Улс 2016 онд баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” баримт бичигтээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавьж байсан билээ. Гэхдээ дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж, ногоон санхүүжилтийг нэмж чадвал дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломжтойг өнгөрсөн оны 11 дүгээр сард Глазгоу хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтэд мэдээлсэн юм. Энэхүү зорилтдоо хүрэх гарц боломжийг эрэлхийлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг өнгөрсөн сарын 29-30-нд зохион байгууллаа. “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг угтан зохион байгуулсан энэхүү чуулганд дотоодын болон гадаадын 800 төлөөлөгч оролцож, үндсэн 7 сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх талаар хэлэлцэв.


Монгол Улсад агаарын дундаж хэмийн өсөлт дэлхийн дунджаас хоёр дахин их байна


Судалгаанаас үзэхэд сүүлийн 170 жилд дэлхийн агаарын хэм 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын төрөл зүйл устан үгүй болсоор байна. Монгол Улсын хувьд дэлхийн нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг боловч уур амьсгалын өөрчлөлтөд асар их хэмжээгээр өртөж байгаа. Тухайлбал, агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд байна. Түүнчлэн сүүлийн 10 жилд цаг уураас шалтгаалсан гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт болсон. Иймд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтийн үеэр онцолсон юм. Түүнчлэн ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг тэрбээр дурдлаа.


Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн зорилтод цөлжилтийг сааруулж, элсний нүүдлээс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг хэмээн  тусгажээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжиллттай хэрэгжүүлснээр олон улсын чиг хандлагатай нийцүүлэн эх дэлхийд ээлтэй Ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр дурдсан юм.


Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Монгол Улсад 6.3 тэрбум ам.доллар шаардлагатай


Дэлхий нийт 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд жилд 3.3-4.5 их наяд ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох шаардлагатай гэсэн судалгаа бий. Улс орнууд ногоон санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрээ нэмж байгаа хэдий ч жил бүр зайлшгүй бий болгох шаардлагатай 2.5 их наяд ам.долларт хүргэж чадахгүй байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Үүнээс гадна "КОВИД-19" цар тахал, улс хоорондын мөргөлдөөн зэрэг нь дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, уур амсьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг ухраах үндэслэл болж байгааг олон улсын төлөөлөгчид цохон тэмдэглэж байв.


Дэлхийн дулаарлыг аль нэг орон эсхүл бүс нутаг дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд бүх улс хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тайгаа уялдуулан ирэх 30 жилд хүчирхэг, төрөлжсөн, ногоон, чинээлэг эдийн засгийг цогцлоохыг зорьж байгаа. Нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй ирээдүйг бий болгохын тулд ногоон санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлэх цаг болсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар захирагч Уша Рао-Монари тус чуулганы “Олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын үүрэг оролцоо” онцлох хэлэлцүүлэгт цахимаар оролцохдоо онцлов.


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх Парисын хэлэлцээрийг 2015 онд баталснаас хойш 192 орон нэгдээд байна. Монгол Улс уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс баталсан Үндэсний хувь нэмрийн зорилтод, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд суурь нөхцөлтэй харьцуулахад, 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Бүр тодруулбал, эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 49.4 хувь, барилгын салбарт 4.9 хувь, тээврийн салбарт 6.2 хувь, хөдөө аж ахуйн салбарт 31.3 хувь, аж үйлдвэрийн салбарт 7.6 хувь бууруулах зорилт тавьж буй. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний үүсвэр ашиглах, Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах, Евро-5 стандартын шатахуунд шилжих, Малын тоо, толгойн хэмжээг зохицуулах, бууруулах, Хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. 


Монгол Улс үндэсний хувь нэмрийн зорилтоо хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүнээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад 6.3 тэрбум ам.доллар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Тус зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОАЖЯ-наас 2021 онд батлан гаргасан бөгөөд 2021-2025 онд гурван чиглэлд 24 зорилт бүхий 72 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлааар, Монгол Улс Уур амьсгалын ногоон сангаас 436 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг батлуулсан байна. Үүнээс 70 сая ам.доллар нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнд чиглэсэн бол, 23 сая ам.доллар нь дасан зохицох арга хэмжээнд чиглэгджээ. Харин 342 сая ам.доллар нь сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зориулсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг зорилгыг хэрэгжүүлэх ажлын 13 хувийг эзэлж байгааг дурдав.


Санхүүжилтийг нэмэх хамгийн боломжит хувилбар ногоон бонд


Монгол Улс үндэсний хувь нэмрийн зорилгоо хэрэгжүүлэх 11.5 тэрбум ам.долларыг төсвөөс гаргах боломжгүй. Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнуудад ч дэлхийн дулааралтай тэмцэх ажлыг төсвөөсөө бүрэн санхүүжүүлэх боломжгүй тул хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, түнш орнуудаасаа хөрөнгө оруулалт татах нь туйлаас чухал. Тухайлбал, Монгол Улсад шинэлэг зүйл хэдий ч олон улсад хэдийн ашиглаж эхэлсэн ногоон бондоор санхүүжилт татах нь хамгийн зөв жишиг гэдгийг чуулган оролцогчид онцолж байв. Европын холбоо нь тогтвортой санхүүжилт, ногоон бондоор дэлхийд тэргүүлэгчийн хувьд ногоон бондын зэх зээлийг тэлэхэд дэмжлэг болгон тус холбооны стандартыг Монголд санал болгожээ. Орчин үеийн хөрөнгө оруулагч нар тэдний хөрөнгө оруулалт нь нийгэм, цаашлаад дэлхийн түвшинд өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө оруулалтын баталгаатай боломж, тогтвортой орчныг эрэлхийлж байна.Энэ хүрээнд урамшууллын зөв хэлбэрийг бий болгож, ногоон бонд гаргагч болон хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж, сайн туршлагаа хуваалцаж, хүний нөөцийг бэхжүүлэн, эрсдэлийн механизмыг бий болгоход дэмжихээ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз илэрхийлсэн юм.


Улс орнууд санхүүжилтийг ямар үйл ажиллагаанд зарцуулахыг дүгнэж, ач холбогдлыг тодорхойлох зэргээр олон талаас нь судалан ногоон бонд гаргах зөвшөөрөл өгдөг байна. Ногоон бонд нь дан ганц банк, санхүүгийн байгууллагаас гадна компани, ААН-үүдэд уур амьсгалын эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулахад том боломж олгодог санхүүжилтийн төрөл гэдгийг “Голомт” банкны гүйцэтгэх захирал Норихико Като МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон.


Дэлхий ний ногоон бондоос гадна ногоон санхүүжилтийн олон механизм хэрэгжүүлж байна. Тухайлбал, Япон Улс ногоон санхүүжилтийн нэгдсэн, зээлийн механизм (JCM Joint crediting mechanism)-ыг хэрэгжүүлдэг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилготой, шалгарсан төслүүдэд Засгийн газраас грант буюу тэтгэлэг, татаас өгөх хэлбэрээр ногоон санхүүжилтийг дэмжин бүрдүүлдэг байна. Монгол Улсад ч санхүүгийн үйлчилгээг байгаль орныг сэргээх ажилтай уялдуулсан олон ажил хэрэгжиж буй. Тухайлбал, ХААН банк БОАЖЯ-ны хамтарсан хөнгөлөлттэй зээлийг олгохдоо зээл авсан хувь хүн 5, байгууллага 50 мод заавал тарина гэсэн шалгуур тавьж байна. Голомт банк нь сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, тогтвортой ойн менежмент зэрэг найман төрлөөр ногоон зээл олгож буй аж. Хамгийн сүүлд хийсэн том алхам нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулсан явдал байлаа.


Жил бүр хоёр тэрбум төгрөг тогтмол төвлөрөх Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан


Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих. Тиймээс 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөнийг эхлүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ олон улсад зарласан. 


Улс орнууд цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх аян өрнүүлж, хэд хэдэн тэрбумаар нь мод тарих хөтөлбөр олон жилийн өмнөөс зарлан, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өмнөд хөрш Хятад улс л гэхэд 20 жилийн өмнөөс 100 тэрбум мод тарих хөтөлбөр эхлүүлсэн. Веьтнам улс 2025 онд нэг тэрбум мод ургуулах амлалтандаа хүрэхээр төлөвлөж буй бол Пакистан улс 2024 он хүртэл 10 тэрбум мод, Этиоп улс 2024 он хүртэл 20 тэрбум мод тарьж ургуулна гэх мэт. Харин манай улсад “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд албан ёсоор эхэллээ. Энэхүү хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүгийн эх үүсвэр. Иймд Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд санаачлан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулж, “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы үеэр албан ёсоор нээсэн юм.


Тус сан ойжуулалт, мод тарьж  ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилготой бөгөөд Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон тухай батламжийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өгсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн хөрөнгө банк, банк бус санхүүгийн болон бизнесийн байгууллагууд, иргэдийн хандиваас бүрдэх бөгөөд Удирдах зөвлөл нь санхүүжилтээр дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж байх юм. Удирдах зөвлөлийг Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, бусад хандивлагчийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдүүлжээ.


Энэ үеэр чуулганд оролцож буй гадаадын төлөөлөгчид уг хөдөлгөөний талаар байр сууриа илэрхийлсэн. Олон улсын өмнө тулгамдсан аливаа асуудлаар улс орнуудын төр, засгийн тэргүүн нар санаачилга гаргадаг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум” мод хөдөлгөөнийг санаачлаад зогсохгүй хэрэгжүүлэхийн тулд өөрөө манлайлан оролцож буй дэлхийн удирдагчдад үлгэр дуурайл болсон алхам хэмээн Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов чуулганы үеэр онцоллоо.


Дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь зөвхөн Монгол бус олон улсын асуудал тул үүнд олон нийтийг уриалан, идэвхжүүлж байгаа нь “Тэрбум мод” хөдөлгөөний хамгийн чухал ач холбогдол гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески дурдсан. Мөн уг хөдөлгөөн нь бүрэн биелэх боломжтой ажил гэдгийг мөн цохон тэмдэглэсэн юм.


Япон, Монгол Улс 2019 оноос Монголын говийн заг модыг нөхөн сэргээх судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ төслийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, заг модыг сэргээх мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааны шинэ салбар болно хэмээн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши хэллээ.


Харин Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, “Тэрбум” мод хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд АХБ тууштай оролцоно. Мод тарих хөдөлгөөнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хамтран оролцох чиглэл рүү Монгол Улс орж байгаад баяртай байна. Мод тарих газраасаа хамаараад зөв мод сонгох, технологи ашиглах нь чухал. Моджуулах ажлыг зохион байгуулахад урт хугацааны санхүүгийн эх үүсвэр бий болгох нь зөв. Ерөнхийдөө аливаа байгууллага Төрийн санг хөгжүүлэх, даатгалын санд хөрөнгө орууллаа гэхэд тодорхой өгөөж хардаг. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ хэнд ямар өгөөж өгөх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Манай банк “Тэрбум мод” хөдөлгөөнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд дээр дурдсан асуудлын талаар ямар шийдэл байж болох вэ гэдгийг авч үзнэ” гэлээ.


Мөн чуулганы үеэр банк, санхүүгийн салбарын 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулах батламжид гарын үсэг зурав. Үүний өмнө нийслэл болон 21 аймаг нийт 680 сая, үндэсний томоохон 21 аж ахуйн нэгж нийт 608.5 сая мод тарих батламжид гарын үсэг зурсан юм.


Монгол Улс Тогтвортой санхүүгийн Үндэсний замын зурагтай боллоо


Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилго бүхий “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы гол үр дүн цөлжилийн асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах уриалга, “Монголын эдийн засгийн чуулган-2022”-д хүргүүлэх зөвлөмж, “Тогтвортой санхүүгийн Үндэсний замын зураг”-ийг баталсан явдал байлаа.


Дэлхий нийтийг хамарсан сорилтууд болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ядуурлыг бууруулахад бүс нутгийн төдийгүй боломжит олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал гэдгийг “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааны уриалгад дурджээ. Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх нэгдсэн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, Монгол Улсын өмнөд, БНХАУ-ын хойд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлэхийг бүс нутгийн орнуудад уриалсан байна. Мөн цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн зурвас бий болгох, хөрсний үржил шимийг нэмэх, мэдлэг мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх платформ байгуулах, элсний нүүдлийг сааруулах технологи дамжуулах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалжээ.


“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы үеэр манай улс Тогтвортой санхүүгийн Үндэсний замын зурагтай боллоо. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 4 байгууллага болох Сангийн яам, Монголбанк, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпорациас баталсан “Тогтвортой санхүүгийн Үндэсний замын зураг-ийн хүрээнд банкны салбарын хэмжээнд ногоон санхүүжилтийг 2030 онд 10 хувьд хүргэх зорилт тавьж буйг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн онцолсон. “Тогтвортой санхүүжилтийн Үндэсний замын зураг” гэдэг нь Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын зорилттой уялдсан, нэгдмэл, олон талт хамтын ажиллагааг хангах, тогтвортой санхүүгийн системийг 2030 он хүртэл хөгжүүлэх, үүнд шаардлагатай стратегийн чиглэл, ажлыг тусган тодорхойлсон төлөвлөгөө юм. Замын зураг нь үндсэн 6 бүлэг, 26 дэд үйл ажиллагаанаас бүрдэж байна.


Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” форум энэ сарын 7-8-нд болно. Уг чуулганд танилцуулах “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы зөвлөмж гурван бүлэгтэй. Эхний бүлэгт ногоон санхүүжилтийг нэмэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбоо, сүлжээнд идэвхтэй оролцож, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхэд татварыг хөнгөлөх, чөлөөлөх жагсаалтыг шинэчлэх зэрэг 13 зүйлийг тусгасан байна. Харин хоёр дахь бүлэгт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэх боломж, арга замыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргах зэрэг 7 зүйл тусгажээ. Ногоон хөгжлийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, санхүүжилтийг олон талын эх үүсвэрээс бүрдүүлэх боломжийг судалж, олон улсын  банк, санхүү, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлттэй уялдуулахыг гурав дахь хэсэгт заасан байна.


 “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсны хамгийн сүүлчийнх нь “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” байлаа. Үүнээс өмнө “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 21, 22-нд болсон. Улмаар өнгөрсөн сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Энэ сарын 7-8-нд болох “Монголын эдийн засгийн форум-2022”-аар дээрх салбар хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг нэгтгэж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогыг тодорхойлно.

Холбоотой мэдээ