“Чингис хаан” музейн дэргэд “Хаан найрал”-ыг байгууллаа

Монголын мэдээ | Соёл урлаг
khandmaa@montsame.gov.mn
2022-04-07 13:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” музейн дэргэд байгуулсан “Хаан найрал”-ын анхны хөгжим “Их Монгол” нэртэйгээр өнөөдөр Төрийн ордонд эгшиглэлээ. 


Энэхүү “Хаан найрал” нь эртний монголчуудын хэрэглэж байсан эд зүйлийн олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр бүтээж, эгшиглүүлж байгаа юм. Тодруулбал, Чингис хааны удмын сүүлчийн хаан Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан ноотыг сэргээн тоглуулж байгаа бөгөөд 400 жилийн дараах анхны сонсогчид нь өнөөдөр эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганд оролцогчид болов.


1604-1634 оны хооронд хаан ор залгасан Лигдэн хутагт хааны ордны найрлын алтан үсгээр тэмдэглэгдсэн ноотыг олж орчин үеийн ноотод хөрвүүлснээр Монголын их хаадын найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа мөн онцлог юм. 


“Хаан найрал” нь Чингис хаан музейд гадаад, дотоодын жуулчдад тоглох, Монголын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.


Мөн үзэсгэлэнгийн танхимд хөгжмийн эх үзмэрийг байрлуулж, тоглолтын танхимд олдвороор олдсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглуулах, түүний түүхэн хөгжлийг харуулсан баримтад киног үзүүлэхээр бэлтгээд байгаа юм байна.



Холбоотой мэдээ