ЕХ наймдугаар сараас эхлэн Оросын нүүрсний импортыг хориглох шийдвэрийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-08 13:52:58

ПАРИС. /AFP/. Европын холбоо пүрэв гарагт ОХУ-ын нүүрсний импортод хориг тавьж, тус улсын хөлөг онгоцуудад ЕХ боомтуудаа хааж байгаагаа мэдэгдлээ.


Францын нэгэн албан тушаалтны хэлснээр, энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын эсрэг авч буй хатуу хориг арга хэмжээний тав дахь багц болж байгаа юм.


Хориг арга хэмжээний багцад мөн өндөр технологийн бүтээгдэхүүн зэрэг 10 тэрбум еврогийн экспортод хориг тавих, тус улсын хэд хэдэн банкны хөрөнгийг битүүмжлэх зэрэг багтсан байна.


Мөн ЕХ Украин улсад нэмэлтээр 500 сая еврогийн зэвсэг нийлүүлэх санхүүжилтийг батлаж, нийт дүнг 1.5 тэрбум еврод хүргэжээ.


Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Чарьлз Мишель твиттер хуудсандаа, “хориг арга хэмжээний багцыг богино хугацаанд батлана” гэж мэдэгдсэн байна.


Энэ нь Европ анх удаагаа ОХУ-ын эрчим хүчний салбар руу чиглэсэн хориг арга хэмжээ бөгөөд ЕХ-ны орнуудын импортолж буй нүүрсний 45 хувийг ОХУ-аас авдаг аж.


Тус хориг 8 дугаар сарын эхээр хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.   

Холбоотой мэдээ