ТАЗ-ийн орон тооны гишүүний асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-30 01:39:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэж эхлэх үеэр АН-ын бүлэг завсарлага авлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн юм. 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг томилгоог хэлэлцэж дэмжсэн. Харин чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Төрийн албаны зөвлөлийн өмнөх гишүүд ээлжийн амралттай байгаа. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн тогтвортой байдал төрийн нийт албанд нөлөөтэй. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж, байр сууриа нэгтгэх, судлах зорилгоор энэ асуудлаар завсарлага авах хүсэлтэй байна" гэсэн юм. Уг саналыг УИХ-ын дарга хүлээн авч АН-ын бүлэгт ажлын гурван хоногийн завсарлага өгөв.

Н.Туяа

Холбоотой мэдээ