Францад шувууны ханиад хурдацтай нэмэгдэж, дөрвөн сарын дотор 13 сая гаруй шувуу устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-12 14:38:39

ПАРИС. /Reuters/. Франц улсад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хамгийн ноцтой шувууны ханиад маш хурдацтай тархаж байна.


Тус улсын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Франц улс 13 сая гаруй шувууг устгалд оруулаад байна гэжээ.


Тодруулбал, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус улсад анх шувууны ханиад илэрснээс хойш энэ сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1230 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


Мөн 4 дүгээр сар гарснаас хойш шувууны ханиадны дэгдэлт эрчимжиж, 10 гаруй хувиар өссөнийг тоо баримт харуулжээ.


Шувууны ханиадны вирусний улмаас шувууны аж ахуйд ноцтой хохирол учруулж, тус салбарт худалдааны хориг тавьж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.


Түүнчлэн уг өвчнийг хүнд халдварлах эрсдэлийг харгалзан авч үзэх шаардлагатай учир Засгийн газар болон холбогдох салбарынханы анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.


Сүүлийн саруудад H5N1 үхлийн аюултай, гоц халдварт шувууны ханиад Европт хурдацтай тархаж, Итали зэрэг Европын хэд хэдэн улс шувууг их хэмжээгээр устгалд оруулахад хүргэжээ.     

Холбоотой мэдээ