Төвлөрсөн суурин газраас гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-15 19:28:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд их хэмжээний цас орж, шуурсны улмаас улсын чанартай авто замууд зарим хэсэгтээ хаагдан, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байна.

Мөн зарим суманд иргэд төөрч сураггүй болон эрүүл мэнд, амь хохирох эрсдэл их байгаатай холбогдуулан орон нутгийн төвлөрсөн суурин газар (сум болон багийн төв)-аас гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Түр хязгаарлалт энэ сарын 15-наас 16-ны өдрийн 14.00 цаг хуртэл хугацаанд үргэлжилнэ.

Захирамжаар, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан зохих журмын дагуу аюулгуй байдлыг хангуулж, үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Цагдаагийн газар, Авто тээврийн  төв, сумдьн Засаг дарга нарт даалгажээ.

Дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хаагдсан авто замыг нээхэд шаардагдах тусгай зориулалтын инженерийн техник, хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаанд татан оролцуулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг холбогдох албадад үүрэгдсэн байна.

Мөн хил залгаа Өвөрхангай аймагт улсьн чанартай авто замыг хаасантай холбогдуулан тус аймагт үүссэн нөхцөл байдалтай уялдуулж дээрх хугацаанд баруун аймгуудаас зүүн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдийг Бууцагаан сумын нутаг дэвсгэрт түр зогсоохыг сумын удирдлагад даалгажээ.

Холбоотой мэдээ