Европт дэгдсэн дайн ба хүнсний хямрал нүүрлэх магадлал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-04-19 08:26:17

Орос-Украины дайн эвдрэл сүйрэл, үхэл хагацлыг авчирч байгаа төдийгүй дэлхий даяар хүнсний хямралыг өдөөж, ядуурлыг улам гааруулж магадгүй боллоо. Үүний улмаас Оростой найрсаг харилцаатай баян биш улс орнууд Путиний эсрэг нэгдсэн Барууны орнуудаас хамаагүй их хохирол амсах нь.


Дайнаас өмнө Орос, Украин хоёр дэлхийн үр тариа, ургамлын тосны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг нийлүүлэгчид байлаа. Харин одоо нийлүүлэлт тасалдаж, Украинд хүнсний хомсдол нүүрлэж, тус улсын үр тариа экспортолдог боомтуудыг Оросын цэргийн флот бүслэн авчээ. 


Нөхцөл байдал цаашдаа улам муудах нь. Украины үржил шимт хар шороон хөрстэй тариалангийн талбайнууд наранцэцгийн үрний оронд мина болоод Оросын сөнөсөн танкуудаар дүүрчээ.


Ийм байдал нь өрхийн төсвийнхээ ихэнхийг хүнсэнд зарцуулдаг ядуу буурай орнуудын иргэдэд шууд нөлөөлнө. Дэлхий дахин ковид болон өнгөрсөн оны ган гачгийн гамшгаас дөнгөж салсны дараачаас хүнсний үнэ /дайн болоогүй байхад ч/ огцом өссөн билээ.  


Сүүлийн 32 жилийн хугацаанд үзэгдээгүйгээр хүнсний үнэ нэмэгдэж, зөвхөн 3 дугаар сард гэхэд 13 хувиар, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 30 гаруй хувиар өслөө. НҮБ-ын тооцоолсноор, цаашдаа хамгийн багадаа 8 хувиар, дээд тал нь 22 хувиар өсөх төлөвтэй байна.


Дайны улмаас хөдөө аж ахуйн техникийн шатахууны үнэ, далайн ба газрын тээврийн үнэ, зээлийн хүү, бордооны үнэ, хадгалалтын зардал улам л нэмэгдсээр. Хүнсэнд хэрэглэх үр тариа, малын тэжээлийн хомсдол нүүрлэснээр мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр.

Украин. Дайны өмнө рапс тариалсан талбайд 


Тэгэхээр дэлхий дахинд өлсгөлөн нүүрлэнэ гэсэн үг үү? Үгүй ээ, ийм аюул нүүрлэхгүй. 


“Нөхцөл байдал яаж ч хүндэрсэн гэсэн дэлхий дээрх бүх хүнийг хооллоход хүрэлцэхүйц хэмжээний хүнс бий” гэж Bruegel судалгааны төвийн шинжээчид үзэж байна.


Харин хамгийн ядуу бөгөөд зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн Сомали, Афганистан, Йемен зэрэг улсуудад өлсгөлөн нүүрлэж магадгүй.


Ямар улсууд хамгийн ихээр хохирох вэ?


Ган гачигт байнга нэрвэгддэг Ойрхи Дорнод, Хойд Африкийн хуурай бүс нутгийн улс орнууд тун хүнд байдалд орж болзошгүй. Эдгээр улс хүнснийхээ 90 гаруй хувийг импортолдог бөгөөд хамгийн ойр орших нийлүүлэгчид нь Орос, Украин хоёр юм. 


“Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөний улмаас хүмүүнлэгийн хямрал дэгдэж, улс төрийн эрсдэл улам нэмэгдэх болно. Үнийн өсөлтийн улмаас “Арабын хавар” болсон гэдгийг шинжээчид санууллаа. 10 жилийн өмнө эсэргүүцлийн ажиллагаа, хувьсгалын давалгаанд өртөж Ливи, Тунис, Египет, Йемен дэх улс төрийн дэглэмүүд унасан бол Сирид сунжирсан дайн дэгдсэн билээ.   


Энэ удаагийн дайны улмаас шууд бусаар хохирол амсах улсууд бол Турк, Египет, Энэтхэг, Таиланд, Гүрж, Армен, ӨАБНУ, Ливан, Шри Ланк" гэдгийг Дэлхийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид дурдаж байна.


Эдгээр улсын эдийн засаг Орос ба Украинтай хийж буй худалдаа, мөн аялал жуулчлалын салбараас ихээхэн хамаардаг.  Жишээ нь, Египет бол улаан буудайн дэлхийн хамгийн том импортлогч, үүнээс гадна тус улсад ирдэг жуулчдын 20 хувийг Орос, Украины иргэд эзэлдэг. Турк гэхэд 93 хувь нефтийн импорт, 99 хувь хийн импортоос хамааралтай.  


Оросоос хүнс, эрчим хүч худалдан авдаг бүх улс орон тодорхой хэмжээний хохирол амсах бөгөөд ялангуяа иргэд нь Орост ирж ажил хийдэг улсууд бүр ч илүүтэй хохирно. Валютын ба тээврийн урсгал хязгаарлагдсан, дайны улмаас Оросын эдийн засаг зогсонги байдалд орсны улмаас ажиллах хүчний эрэлт буурсан, валютын ханшийн өөрчлөлт, гадаадынханд хандах хандлага өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаас үүдэн гастарбайтеруудын гэр орон руугаа гуйвуулдаг мөнгөний урсгал багасна.  Жишээ дурдахад, дайнаас өмнө Оросод ажилладаг цагаач ажилчдын эх орон руугаа илгээдэг мөнгө Тажикистан, Киргизийн эдийн засгийн ¼, Узбекистан, Армений ДНБ-ний 1/10-г бүрдүүлж байв. 


НҮБ-ын тайланд дурдсанаар, дайнаас өмнө 38 улсын 44 сая иргэн өлсгөлөнгийн ирмэг дээр ирээд байсан ба 720 сая хүн буюу дэлхийн 10 хүн тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Дайн дэгдсэнээр энэ тоо 8-13 саяар нэмэгдэх магадлалтай байгаа бөгөөд тэдний ихэнх нь Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад амьдардаг.


Ургамлын тос, үр тарианы оронд их буу


Улаан буудайн хамгийн том экспортлогч Орос улс жилд 33 сая тонн, Украин 20 сая тонныг экспортолдог. Энэ нь нийлээд дэлхийн экспортын 25 хувийг бүрдүүлдэг нь их тоо, гэхдээ ихэнх улс орнууд өөрсдийгөө үр тариагаар хангадаг учраас нийт хэрэглээнд эзлэх хувь нь бага юм. НҮБ-ын тооцоолсноор, Украины улаан буудайн нийлүүлэлт 5 сая тн-оор, Оросынх 3,5 сая тн-оор буурах төлөвтэй байгаа нь дэлхийн нийт хэрэглээний /жилд 700 сая тн/ ердөө 1 хувь болж байна.


Аргентин, Бразилд ургац арвин байснаас гадна Орос улс экспортоо нэмэгдүүлж байгаа зэргийг тооцож үзвээс дээрх дутууг нөхөх боломжтой. Харин дотоодын үнийн өсөлтийг хязгаарлахын тулд эдгээр улсууд экспортоо багасгаж магадгүй. Тэгээд ч алс холын Өмнөд Америкаас улаан буудай тээвэрлэх нь өртөг зардал өндөртэй. Учир нь, өнгөрсөн онтой харьцуулахад хөлөг онгоцны түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн тул тээврийн тариф дагаад өсөх нь ойлгомжтой.


Харин наранцэцгийн тосны хүрэлцээ хангамж бол хамгийн ихээр санаа зовоож буй асуудал юм. Нийлүүлэлтэнд саатал гарснаар үнэ огцом өсөж, үүний улмаас ядуу орнуудын иргэд гэр орондоо хоол унд бэлтгэх боломжгүй болсон тул хуучин тосонд хайрсан гудамжны хоолны амтанд дасахаас өөр аргагүй болжээ.

Индонезчүүд далдуу модны тос авахаар оочерлож байгаа нь 

Орос, Украин хоёр нийлээд дэлхий даяар хэрэглэж буй наранцэцгийн тосны 57 хувийг хангадаг бөгөөд гол импортлогчид нь Европын Холбоо, Энэтхэг, Хятад, Иран, Турк юм. Одоо эдгээр улс өөр төрлийн ургамлын тос худалдан авах болсон нь үнэ өсөхөд хүргэж байна. Угаасаа энэ зах зээлд хомсдол үүсээд байгаа нь Малайзад далдуу модны тосны үйлдвэрлэл уналтанд орсон, Канад, Бразил, Аргентинд өнгөрсөн жил ган болсон зэргээс шалтгаалжээ


Үр тариа, ургамлын тосны үнийн өсөлт нь ядуу орнуудад илүү хүнд цохилт болно. Учир нь, дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний эцсийн үнэ өртөгт түүхий эдийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, харин ажиллах хүч, түрээс зэрэг бусад зардлууд хямд хэвээр байна.


"Энх тайван ч үгүй, хөгжил дэвшил ч үгүй”


НҮБ-ын хийсэн анхны тооцоогоор дайны улмаас Украины нийт талбайн 20-30 хувьд тариалалт хийх боломжгүй болж, экспортын хэмжээ нэлээд буурна. Бүх ургацаа дотооддоо хадгалснаар экспорт бүрэн зогсоно гэсэн таамаг байгаа бол экспорт 1/3-ээр буурна гэсэн арай өөдрөг таамаг ч бас бий. Гэхдээ дайн ойрын үед дууссан тохиолдолд шүү дээ.


Дайны уршиг ирэх намраас буюу ургац хураалт дууссаны дараа бүрэн хэмжээгээр мэдрэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. 


“Хэрвээ урьдаас бэлтгэлтэй байвал хүнсний хомсдолын нөлөөг багасгаж, цохилтыг зөөлрүүлэх боломж бий. ЕХ, АНУ, Австрали зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн хувьд тариалалтыг нэмэгдүүлэх нөөц газар хангалттай байгаа тул болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байгаа болов уу.

 Европ тивд тариалангийн нөөц талбай их бий 


Хүнсний хямралыг улам даамжруулж мэдэх дам нөлөөнүүд гэж бас бий.


Одоогоор Украинд туслахад хамаг анхаарлаа хандуулж буй Барууныхан Афганистан, Йеменд нүүрлэсэн хүнсний хомсдолын асуудлыг анхаарах сөхөөгүй байгаа. Тусламж авах шаардлагатай хүмүүсийн тоо гэв гэнэтхэн хэдэн саяар өсөж, үнэ ба тээвэрлэлтийн зардал нэмэгдсэний зэрэгцээ хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийн төсөв өмнөх хэмжээндээ хэвээр эсвэл буурсаар байна.


Дайнаас өмнө Украин улс НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн хэрэгцээнд үр тариа, ургамлын тос нийлүүлдэг байсан бол одоо экспортоо зогсоосон төдийгүй өөрөө тусламж авдаг улс болчихоод байна. Ойрын үед НҮБ-аас 3,3 сая украинчуудад хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Гэтэл энэ онд дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй 137 сая хүнд 19 тэрбум долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байсан НҮБ-ын Хүнсний хөтөлбөр уг мөнгөний тал хүрэхгүй хувийг нь хандивлагчдаас цуглуулаад байна.  


Өөр бусад асуудлууд ч бий. Хүнсний үнэ өссөн нь инфляцийг бүхэлд нь хөөргөдөж, үүний улмаас Төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөөс аргагүйд хүрлээ. Иргэд, компаниуд, улс орнууд өндөр хүүтэй зээлийг бага хэмжээгээр авах болсноор баян орнуудын хөгжил саарч, ядуу улсууд дампуурах аюулын өмнө ирээд байна. Цар тахлын улмаас 40 орчим нэн буурай улс өрийн хямралд оржээ.


Дайн дэгдсэнээр дэлхийн худалдааны өсөлт саарч, үүний улмаас хөгжиж буй орнууд бусдаас илүүтэй хохирол амслаа. Цар тахлын үеийн 2020 онд худалдааны эргэлт 5 хувиар буурсан бол өнгөрсөн онд алдсанаа нөхөж 10 хувиар өссөн билээ. Энэ онд 5 хувиар өснө гэж Дэлхийн худалдааны байгууллага тооцоолж байсан боловч таамгаа 3 хувь /ойрын хоёр жилд/ болгож бууруулжээ.


“Дэлхийн эдийн засаг хоорондоо сөргөлдсөн бүлэглэлүүдэд хуваагдаж, ядуу улсуудаас нүүр буруулах тэр үед энх тайван цаг, хөгжил дэвшил гэж үгүй болдгийг түүх бидэнд сануулж байна”. Энэ бол ойрын ирээдүйг тоймлон зураглаж ДХБ-ын тэргүүн Нгози Оконжо-Ивеала-гийн хэлсэн үг юм.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

 

Холбоотой мэдээ