Монгол бичгийн тэргүүний уншигчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-23 22:18:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат, алдарт уран зохиолч С.Буяннэмэхийн 120 жилийн ой, "Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтан Сайнцагаан сумын хэлний бодлогын салбар зөвлөл, ЗДТГ, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан хамтран Монгол бичгийн аймгийн “Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдаан зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Тус уралдааны 8-9 дүгээр ангийн төрөлд "Говийн ирээдүй" цогцолбор сргуулийн 9а ангийн сурагч А.Ууганбаяр түрүүлж, "Хүмүүнлэг" сургуулийн 9а ангийн сурагч Ө.Март, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Э.Цэндмаа нар удаалав.

Харин 10-12 дугаар ангийн сурагчдаас  "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч С.Билэгдэмбэрэл түрүүлж, "Цэгц билиг" сургуулийн 11б ангийн сурагч М.Номин, "Хүмүүнлэг" сургуулийн 12а ангийн сурагч А.Нинжгарав нар удаах байрт шалгарсан байна.

Шалгарсан сурагчид дөрөвдүгээр сарын 30-нд болох “Үндэсний бичиг, соёл” улсын 15 дугаар уралдаанд оролцох эрхтэй болсон бөгөөд оноогоороо эхний 5 байрт шалгарсан 10 сурагчид Улсын уралдаанд оролцох эрхийг гардуулан, замын зардалд дэмжлэг үзүүлжээ.

Уралдааны үеэр Алдарт уран зохиолч С.Буяннэмэхийн 120 жилийн ойд зориулан гаргасан номын хавчуурга, бүчийг хүрэлцэн ирсэн бүх хүмүүст дурсгал болгосон юм. 


Холбоотой мэдээ