Хөхморьт суманд ойн төгөл байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран "Халзан булаг" хэмээх газар ойн төгөл байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Тодруулбал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин аймгийн Засаг даргын санаачилсан "108 сая мод тарьж, ургуулах" аяны хүрээнд Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран "Халзан булаг" хэмээх газар ойн төгөл байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Мод тарьж, ургуулах аяны хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Хөхморьт сумын ЗДТГ хамтран сумын хэмжээнд цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг багасгах зорилгоор Хөрс, усны иж бүрэн судалгааг хийж, мод, ургамал тарих зохистой газрыг тодорхойлохоор ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.
Түүнчлэн Хөхморьт сум нь газар нутгийн онцлогоос шалтгаалан гадаргын болон газрын доорх усны хүрэлцээ ховор байдаг тул энэ онд сумын ОНХС-гийн 85 сая төгрөгөөр гурван гүн өрмийн худаг гаргахаар төсөвтөө тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Говь-Алтай аймаг 108 сая мод тарьж ургуулна” хэмээн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдсэн билээ. Тэрээр:
-“Говь-Алтай аймгийн тухайд 1960 оны үед шороон шуургатай өдрүүд жилд 6-8 байсан бол өдгөө жилд 130 өдөр болж нэмэгдсэн. Энэ нь говьд ургадаг загийг түлшинд их хэмжээгээр хэрэглэж байгаа нь салхи үүсч, шороогоор шуурах нөхцөл бий болсон гэж цаг уурчид үздэг. Тиймээс бид говьд ургадаг заг, сухай, тоорой, шар мод болон хар мод, жимсний төрөл бүрийн модыг тарьж ургуулахыг төлөвлөөд байна. Ингэснээр Говь-Алтай аймаг 10 жилийн хугацаанд 108 сая мод тарьж ургуулах зорилт тавьж байгаа. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилгыг дэмжин мод тарих ажилд Алтайнхан нэгдэнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
Мод тарих ажлын хүрээнд 2021 оны 11 дүгээр сард сумдаар явж загийн үр, ирэх хавар тооройн үр цуглуулах, сухайг мөчрөөр нь суулгах ажлуудыг хийсэн байна. Одоогоор тус аймгийн 10 суманд заган, 5 суманд шинэсэн ой, өөрөөр хэлбэл 1,6 сая га орчим талбай ой модтой байна.