Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-27 16:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллана.


Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев болон албаны төлөөллийг хүлээн авч уулзах үеэр ярилцлаа. Уулзалтаар талууд аялал жуулчлал, байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.


Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев энэ үеэр ярихдаа, “Буриад улс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг аялал жуулчлалын идэвхтэй бүс Байгаль нуур орчимд байгуулахаар төлөвлөгдөж байгаа”-г дуулгалаа.


Албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тус улсын аялал жуулчлалын 15 тур компанийн төлөөлөл Монголын аялал жуулчлалын салбарынхантай туршлага судлах, хамтран ажиллах тухай санал солилцож байна. Монгол, Буриад хоёр улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, ОХУ-ын дотоодын жуулчдыг төдийгүй Азийн бусад орноос ирэх жуулчдын урсгалыг Байгаль нуурын аяллаар дамжуулан Монгол Улс руу татах боломжтой. Ялангуяа Байгаль нуур-Хөвсгөл нуур чиглэлийн маршрутыг хөгжүүлж, бодит ажил болгох саналтай байна гэжээ.


“Буриад улсын аялал жуулчлалын бодлого Байгаль нуурын баруун эрэгт эдийн засгийн бүс байгуулж, түүгээр дамжуулан гадны бусад улс орноос хөрөнгө оруулалт татах, дотоодын аялал жуулчлалаа тэлэх, эдийн засгаа солонгоруулахад төвлөрч байгаа”-г салбарын сайд А.Д. Доржиев онцолсон байна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас 100 хувь хараат байдлаар явж ирлээ. Энэ байдлыг ирэх жилүүдэд халж, ДНБ-нд эзлэх аялал жууллалын салбарын хувь, хэмжээг нэмэхэд анхаарч, хичээл зүтгэл гаргана”гээд, Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарч, богино хугацаанд эдийн засгаа сэргээх түргүүлэх чиглэлээр зарласныг дуулгасан юм.


Түүнчлэн Монгол, Буриад хоёр улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлж, дотоодын аялал жуулчлалыг тэлэх, эдийн засгийн бодит сэргэлтийг дэмжих боломжийг бодит ажил болгож, хамтран ажиллахаар талууд санал нэгджээ. Бүгд Найрамдах Буриад улстай цаашид байгаль орчин хийгээд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд тарьц, суулгац нийлүүлэх, аялал жуулчлалын салбарт бодит үр дүн гаргасан ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсныг БОАЖЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ