Горхи, Тэрэлжид жуулчид отоглох жишиг цэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-28 13:47:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд жуулчны отоглох цэг байгуулъя гэвэл БОАЖЯ газартай холбоотой асуудлыг нь шийдэж, хувийн компаниуд өөрсдөө отог байгуулж орлого олох систем бүрдүүлнэ хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.


Эхний ээлжинд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 9 отоглох цэг байгуулах санал иржээ. Нэг газарт жишиг байдлаар байгуулах саналыг дэмжин ажлыг нь эхлүүлж, отоглох цэгийг энэ зундаа ашиглахаар төлөвлөөд байгаа аж.


БОАЖЯ 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ярихдаа, “БОАЖЯ, Азийн хөгжлийн банкхамтран тогтвортой аялал жуулчлалын төслийг Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. Засгийн газраас мөн экспортын орлого бүрдүүлэх салбарын хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх чиглэл барьж байгаа. Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх, Хэнтий аймгийн Дадал суманд хатуу хучилттай зам, хатуу болон шингэн хог хаягдлын цэвэрлэх байгууламж, мэдээллийн төв, түр буудаллах цэг байгуулж байгаа. Төв зам дагуу 4 байршилд түр буудаллах цэг барина. Иргэд хамгийн их зорчдог, дотоодын аялал жуулчлал маршрутын дагуу 17 байршилд төсвийн хөрөнгөөр түр буудаллах амралтын цэг байгуулах юм. Аялал жуулчлал хувийн хэвшлийн бизнес дээр үндэслэдэг тул бизнест хөрөнгө оруулаад явах боломж бүрдүүлнэ" гэсэн юм.



Нийслэлийн ЗДТГ-аас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх дээрх 4 байршилд нийт 11.3 га газрыг төлөвлөж, тохижуулах юм. 


Мөн Богдхан уулруу явган алхдаг 3 маршрутад зориулж 1.8 га газрыг тусад нь тохижуулахаар төлөвлөжээ. Богдхан уулын Жаргалантын аманд "Тайж ресорт" компани нийт 7 га газар авч зочид буудал байгуулсан бөгөөд нийслэлийн иргэдийн ая тухтай амрахад зориулан 4 га газартаа мод үржүүлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулж долдугаар сарын 2-нд ашиглалтад оруулахыг салбарын сайд дуулгалаа. 


Түүнчлэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Туул гол дагуу нийт 11 га газарт буюу Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр, Баянзүрхийн гүүрээс Сонгинын гүүр хүртэл амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай бүс бий болгох аж. 

Холбоотой мэдээ