“Роснефть”-ийн хэлцлээр шатахууныг 25 хувиар бууруулсан үнээр нийлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-03 11:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны хангамж, нөөц, Засгийн газраас үнийг тогтворжуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, импортлогч “Роснефть” компанитай хийсэн хэлцлийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэв. Тэрээр Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа Аи-92 автобензиний нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж, 30-35 хоногийн нөөцийг 45 хоног болгосон талаар дуулгалаа. Үүнийг импортлогч ААН-үүд барьж нөөц хэвийн нөхцөлд байгаа гэв. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууны нийлүүлэлтийг онцолж авч үзсэнийг тодотгов.






Аи-92 автобензиний үнэ 5-6 дугаар сард өсөхгүй, тогтвортой байх боломж бүрджээ. 


 

Аи-92 автобензиний хувьд Онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж, дээрээс нь энэ оны 4 дүгээр сарын 22-ноос гаалийн татварыг он дуустал мөн тэглээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна.

Дизелийн түлшний хувьд нэг тонн нь Сингапурын хөрөнгийн биржийн ханшаар тооцоолж, хилийн оруулж ирж буй үнэ 1047 ам.доллар болж байгаа. Энэ нь нэг литр нь 3714 төгрөг гэсэн үг. Засгийн газраас түлшний үнийг тогтвортой хадгалж, хангамжийг хэвийн байлгах үүднээс Онцгой албан татварыг он дуустал тэглээд байгаа. 4 дүгээр сарын эхээр литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн үнийг хэрэв Онцгой албан татварыг тэглэхгүйгээр тооцвол дээрх 3714 төгрөг байна. Өнөөдрийн байдлаар 3380 төгрөгөөр борлуулж байна.




Дэлхийн зах зээл дээр Аи-92 автобензин болон дизелийн түлшний үнэ өнгөрсөн онд 60-71.3 хувиар өсөж 2013 оноос хойш үзэгдээгүй өндөр өсөлттэй явж ирсэн. Энэ нь он гарсаар эхний 4 сард 45.8 хувиар мөн өссөнийг онцолж, шатахууны эрэлт, нийлүүлэлтийг хоёр талаас нь харж авч үзэх ёстойг хэллээ. Дээрх нөхцөлд манай улс Аи-92 автобензинийг энэ оны 4 дүгээр сард нэг тонныг нь 1110 ам.доллароор худалдан авсан. Энэ үнийг өртөгөөр тооцвол нэг литр нь 3330 төгрөг гэсэн үг. Харин ОХУ-ын манай гол импортлогч “Роснефть” компанитай хийсэн ээлжит хэлцлийг баталгаажуулсны үр дүнд Аи-92 автобензинийг нэг тонныг 840 ам.доллар болгон, энэ үнээр нийлүүлэхээр боллоо гэдгийг дуулгав. Энэ нь литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, 5-6 дугаар сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа аж.




Түүнчлэн ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд А.В.Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсоныг мэдээллээ. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Роснефть”-ээс авах шатахууны төлбөрийг ам.доллароор хийх үү? Төлбөрийн нөхцөлийг хэрхэн шийдэв?

-Шатахууны үнийг тогтворжуулах үүднээс 4-5 дугаар сард нийлүүлэх нефть бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 100 сая ам.долларыг шилжүүлнэ. Рублийн ханш 71 төгрөг байгаа, тооцоо хийгээд үзэхэд 7.1 тэрбум рубль шилжүүлэхээр байгаа. Ийм хэмжээний рублийг Монголын зах зээл дээрээс босгох хэцүү, Тиймээс рублийг Лондонгийн бирж дээрх харьцах ханшаар тооцон ам.доллароор нийлүүлнэ.

ОХУ-д хийсэн уулзалтаар цаашдаа нефть бүтээдэхүүний гүйлгээнийхээ арилжааг ам.доллароор хийх боломжгүй болох юм уу, гацаа үүсэх нөхцөлд рубль болон бусад валютаар хийх боломжийг манай талаас тавьж, үүнийг хоёр талаасаа судалж хийхээр ярилцаж байгаа.

-Хаврын тариалалтад шаардагдах шатахууны нөөц, хүрэлцээ хэр байгаа вэ?

-Хаврын тариалалтад ХХААХҮЯ-наас авсан судалгаа мэдээгээр нийт 20 мянган тонн дизель түлш хэрэгтэй байгаа. Бидэнд энэ хэмжээний түлш шатахуун нийлүүлэх хангалттай нөөц бололцоо байгаа.




-ОХУ-д хийсэн уулзалтаар ямар ямар асуудлыг ярилцан шийдэв?

-Та бүхэн мэдэж байгаа, БНХАУ ковидын хориотой, хил хаасан, хязгаарлалттай байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улс уул уурхайн салбарын зарим үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зарим шаардлагатай бодис, бүтээгдэхүүнийг Владивостокоор дамжуулан ОХУ-аас транзит тээврээр авах гарцыг судалж байна. Энэ саналыг ОХУ-ын талд тавьж транзит тээврийн зөвшөөрлийг хүссэн. Энэ талаар хамтран ажиллахаар тохиролцсон.

Харин “Роснефть”-тэй хийсэн ээлжит хэлцлээр манай улс ирэх саруудад 120 мянган тонн (сард 40 мянган тонн)-ыг авах захиалгыг гэрээнд тусгасан. Үүнийн хүрээнд дотооддоо шатахуун импортлогч компаниудад Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ингэснээр дээрх хэмжээний шатахууны нөөцийг бүрдүүлж байна. Энэ бол төсвийн татаас биш. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.




-Сүүлийн үед манай улс бусад улсаас үнэтэй нефть бүтээгдэхүүн авдаг гэсэн шүүмжлэл гараад буй. Энэ талаар тайлбарлана уу?

-Олон улстай (дэлхийн 100-гаад оронтойхарьцуулж жишээ нь, дизель түлшийг аваад үзэхэд манай улс 1.002 ам.доллароор нэг литрийг нь авч байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 45 орчим хувиар бага байгаа юм. Казахстан, Колумб, Саудын Араб, Азербайжан, Ирак зэрэг газрын тосыг их хэмжээгээр олборлон үйлдвэрлэгч орнууд манайхаас хямд үнээр борлуулдаг. Бусад улс орон манайхаас илүү өндөр өртөгөөр худалддаг. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах зэрэг янз бүрийн албан татвараар нэмэгдэн илэрч гардаг. Жишээ нь, Хонгконгт дизель түлшийг литрийг нь хамгийн өндөр 2.098 ам.доллар буюу бараг 3 ам.доллароор зардаг. Үүгээр авч үзэхэд манай улс дизель түлшийг хамгийн хямдаар борлуулж буй орны тоонд ордог. 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ