Тэшиг суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-03 14:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн сумын төвөөс 150 зайд Ёл тайгийн Ар хээгч гэдэг газар өчигдөр гарсан ой хээрийн түймрийг өглөө 9.00 цагийн байдлаар цурманд оруулаад байна.


Түймрийн урт 1 км орчим, өргөн 300 метр байсан бөгөөд Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн 20 албан хаагч түймрийг цурманд оруулан, унангийн цэвэрлэгээ хийж байгаа аж.


Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн мөн үеийнхтэй харьцуулахад 31.4 хувиар нэмэгджээ. Он гарснаас хойш улсын хэмжээнд 5 дугаар сарын 3-ны байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 101 га, хээрийн 889,892 га, нийт 889,993 га талбай өртөж, байгаль экологид 357,2 сая төгрөг, түймэр унтраахад 8,7 сая нийт 368,3 сая төгрөгийн хохирол учирчээ. 


Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ