“Хөдөлмөрлөх боломж”-ийг сурталчиллаа
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг энэ онд хавтгайрсан халамжийг халах, ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөдөлмөрт сургах үндсэн бодлогыг баримталж байна. Тус бодлогын хүрээнд өнөөдөр иргэдэд хөдөлмөрлөх боломж өөрийн орон нутагт нь буйг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
“Хөдөлмөрлөх боломж” нээлттэй өдөрлөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ, “Халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, айл өрхөд оновчтой орлого болж очих бүхий л боломжийг бид энэ хугацаанд судлан шийдэл гаргалаа. Төрөлх хотынхоо өнгө үзэмжээ сайжруулан, явган зам талбайгаа тохижуулж, ногоон байгууламжийг тэлэх зарчмаар нийтийг хамарсан 1000 орчим ажлын байрыг бий болгохоор тооцоолон ажлыг эхлүүлсэн. Бид танд цалинтай ажлын байр санал болгож байна” гэж онцлон тэмдэглэв.
“Хөдөлмөрлөх боломж” нээлттэй өдөрлөгийг аймгийн ЗДТГ, сумын ЗДТГ, ХХҮГ, ХХААГ, Сум дундын ойн анги, Үйлдвэржилт хөгжлийн корпораци, Политехникийн коллеж, Өлзийт МСҮТ хамтран зохион байгуулж, чиглэл тус бүрээр үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулан, мэдээлэл сурталчилгаа хийлээ.
Энэ үеэр аймгийн ХХҮГ-аас ажлын байруудаа танилцуулан, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг явуулсан бол ажлын байранд бүртгүүлсэн иргэдийг чиглэл тус бүрээр бригад болгон хуваарилж ажиллуулах төлөвлөгөөг Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр танилцуулав. Тодруулбал, Аймгийн төвд энэ онд талхлагдалд орсон халцгай газруудад замын тохижилт, өнгөлгөө, хавтанжуулах ажлууд хийх бол ногоон байгууламжаа тэлэх, байгаль цаг уур, газар шороондоо зохицсон мод, ургамал, суулгацыг тариалах, ургуулахад чиглэл тус бүрийн бригадууд хариуцан ажиллах юм. Бригадын зохион байгуулалтад орж ажилласан дээрх иргэдийн цалинг ХХҮГ-ын нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн сан болон аймаг орон нутгаас олгох аж.
Иргэд ажиллахын зэрэгцээ сонирхсон мэргэжлээрээ Политехник болон Өлзийт МСҮТ-д суралцан өөрийгөө хөгжүүлэн илүү мэргэших, тэтгэлэгтэй суралцах боломжтойг сургуулийн удирдлага оюутан залуус энэ үеэр хэлж байв.
Төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах энэ зуны бүтээлч их ажилд гар бие оролцох сонирхолтой иргэдийн судалгаа бүртгэлийг аймгийн ХХҮГ-т үргэлжлүүлэн авч байна.























