Капитал банкны 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-04 17:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь УИХ-аас томилсон Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч гурван талыг төлөөлсөн тус бүр гурав буюу нийт есөн гишүүнтэй. Тус зөвлөл 2021 онд есөн удаа хуралдаж, 24 тогтоол баталсан байна. Тухайлбал, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай, Нэрийн дансны 2021 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай гэсэн нийтээр заавал дагаж мөрдүүлэх таван тогтоолыг захиргааны хэм хэмжээний актыш улсын нэгдсэн санд бүртгүүлжээ. Мөн Капитал банкны Нийгмийн даатгалын санд төлөх төлбөрийг барагдуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, дөрвөн тогтоол гарган, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Түүнчлэн, УИХ-ын Тамгын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд шинжилгээ хийсэн талаар гишүүдэд бичгээр өгөв.


Тайланг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Батлут, Б.Пүрэвдорж, Ц.Идэрбат, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, сангийн хөрөнгийг хадгалж буй байдал, Нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршуулсан хадгаламжийн хөрөнгийг холбогдох яам, агентлагийн төсвийн эрх захирагч нар шийдвэртэй арга хэмжээ авч буцаан авах талаар болон Чингис хаан банкны авлагатай холбоотой тодруулсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Ундрам, "Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд аудит хийгээд хязгаарлалттай дүгнэлт гарсан байна. Хуулиар хязгаарлалттай дүгнэлт авах юм бол хариуцлага хүлээдэг. Мөн олон акт, албан шаардлага, зөвлөмжүүд, өндөр дүнтэй дүгнэлтүүдийн 90 хувь нь банктай холбоотой буюу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг банкуудад байршуулаад авч чаддаггүй асуудал байна. Эдгээр банкаас хамгийн том нь Капитал банкны 104 тэрбум төгрөгийн авлага 2021 оны арванхоёр дугаар сарын 31-ний байдлаар 73.9 тэрбумын үлдэгдэлтэй байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр үнэлэн авчээ. Үүнээс 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй гэж Аудитын тайланд дурьдсан байна. Мөн Чингис хаан банк 2021 онд 35 тэрбум төгрөгөө 12 сарын хугацаатай, сар бүр төлөх хуваарь гарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Бусад банкаас 5.4 тэрбум төгрөгийн авлага өнөөдрийг хүртэл хуримталсан байна" хэмээв.


Мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурал, Засгийн газраас Сангуудийн үйл ажиллагааг хумих, үр дүнтэй байлгах чиглэл барьж буй учир үйл ажиллагаа хуульд нийцүүлэн сайжруулахыг чиглэл болгов.

Холбоотой мэдээ