Марадона “бурхны гараар” гоол оруулахдаа өмссөн өмсгөл өндөр үнэ хүрчээ

ДЭЛХИЙД | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-05-06 14:29:03

НЬЮ-ЙОРК. /CNN/. Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадона 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах /ДАШТ/ тэмцээний үеэр “бурхны гараар” гоол оруулахдаа өмссөн богино ханцуйтай цамц цахим дуудлага худалдаагаар 9.3 сая ам.доллароор зарагджээ.


Sotheby's” дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, энэхүү өмсгөл нь хамгийн өндөр үнэд хүрсэн спортын дурсгалт эд зүйл болжээ. Харин цамцыг хэн худалдан авсан нь тодорхойгүй байна.


Д.Марадона Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээ шатанд Аргентин-Английн тоглолтын үеэр маргаан дагуулсан гоолоо оруулсан түүхтэй. Энэ гоолыг мөргөж оруулсанд тооцсон ч Д.Марадона гараа оролцуулсан нь хожим дүрс бичлэгээр батлагдсан юм.


Уг тоглолтод Аргентин 2-1 онооны харьцаагаар ялалт байгуулж, улмаар дэлхийн аваргаар шалгарсан билээ. Тоглолтын дараа Английн багийн нэгэн тоглогч Д.Марадонатай өмсгөлөө солилцож, хожим нь хөлбөмбөгийн музейд түр тавин олон нийтэд үзүүлж байжээ.


Д.Марадона 2020 онд 60 насандаа таалал төгссөн юм.


Дуудлага худалдааны өмнө түүний хамаатнууд уг өмсгөлийг хоёр гоол оруулахдаа өмсөж байсан цамц нь биш байж магадгүй гэж хэлсэн байна. Гэсэн хэдий ч “Sotheby's” тоглолтын бичлэг, гэрэл зургуудад дүн шинжилгээ хийх технологийг ашиглан Д.Марадона түүхэн гоолуудын аль алийг нь оруулахдаа энэ цамцыг өмссөн байсныг тогтоосон гэдгээ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ