“Barilga Expo 2022” үзэсгэлэн яармаг шинэ орон сууц, хаус дизайн чиглэлээр үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Barilga Expo 2022” үзэсгэлэн, яармаг шинэ орон сууц, хаус дизайн чиглэлээр “Мишээл экспо” төвд үргэлжилж байна.
Эндээс ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой нийслэлд захиалга
авч буй хаус, шинэ орон сууцны 60 орчим шилдэг төсөлтэй танилцан, амины орон
сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлийг сонирхох
боломжтой.
Үзэсгэлэн,
яармагт оролцогч байгууллагуудаас орон сууц, хаусны төслүүдээ 20-45
хувиар хямдруулж, барилгын материал, тавилгын худалдаа 10-30 хувийн
урамшуулал зарлалаа. Тодруулбал, Хан Ташгай Luxury Villa хотхон хаусны
үнийн дүнгийн 20, “Дэлгэрэх арвин өргөө ХХК” 100 хувийн төлөлтөд
45 хувь, "Алтаргана" ХХК Хүлэг Резидэнс хотхондоо 30, “Номин
Мишээл” ХХК 20, “Sunny vista” орон сууц 15 хувийн хямдрал
зарлажээ.
Үзэсгэлэн
яармагийг мөн barilgaexpo.mn сайтад цахим хэлбэрээр зохион
байгуулж байгаа. Оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор
үзэсгэлэнд танилцуулж буй материал, техник технологи, шинэ орон сууцны
төслүүдтэй танилцах, хариуцсан ажилтантай холбогдох юм.
БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилга.мн, Монголын барилгын Үндэсний ассоциациас хамтран зохиож байгуулж буй тус үзэсгэлэн яармагт 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцжээ. Зохион байгуулагчид үзэсгэлэн, яармагийг сонирхох хэрэглэгчдэдээ энэ удаад үзэсгэлэнг үзэгчид цахимаар бүртгүүлэн тамхим руу нэвтэрч, бүртгэлээ баталгаажуулсан үзэгчдээс шагналын азтанг шалгаруулна. Үүнд, HUAWEI NOVA 8I буюу 1,200,000 төгрөгийн үнэ бүхий гар утасны азтан, "Барилгачин худалдааны төв"-ийн 3 сая төгрөгийн эрхийн бичиг, "Бэзү Технологи" ХХК BOSSTON брэндийн 500 мянган төгрөгийн 50 литрийн халуун усны бойлер, “Номин Мишээл” ХХК INCGO брэндийн гарын бэлэг урамшуулал багтжээ.
“Барилгын суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой. Түүнчлэн амины орон сууцаа барих гэж буй хувь хүн, иргэд барилгын зураг төсөл, төсөв, материалын сонголтын талаар мэргэжлийн зөвлөхөөс үнэгүй зөвлөгөө авах боломж бүрдүүлсэн"-ийг Барилга МН захирал Г.Батсүх тэмдэглэжээ.
Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслийг танилцуулдаг тус үзэсгэлэн, яармагийг 4 дүгээр сарын 29-нд нээсэн. 15 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн яармагаас барилгын салбарт сүүлийн үед нэвтэрсэн шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компани, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, барилгын материалыг сонирхож болно. Үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ.