Марк Кэйниг: Зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхдээ шинэлэг арга хэлбэрийг сонгох нь чухал

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-09 14:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд Азийн сан үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Тэрбээр, “Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, 2021-2022 онд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох, парламентын ил тод байдлыг хангаж дижитал парламентыг хөгжүүлэх, зөвлөлдөх санал асуулгыг шинэлэг хэлбэрээр хөгжүүлэх зэргээр хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөсөн. Мөн Парламентын боловсрол хөтөлбөрийн сургагч багш, чиглүүлэгчдийг бэлтгэх ажлын хүрээнд эхний сургалтыг 2021 онд зохион байгуулсан. Азийн сангаас парламентын боловсролын хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлж, оролцогчдыг хэрэглэгдэхүүнээр хангаж парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэдгийг онцлоод, талархал илэрхийлэв.


Азийн сангийн суурийн төлөөлөгч Марк Кэйниг цаг гарган хүлээн авч буйд талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд төлөвлөсөн ажлуудаа урагшлуулж үр дүнтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Парламентын цахим шилжилт, ил тод нээлттэй байдлын хүрээнд хоёр тал үйл ажиллагаагаа идэвхжүүлбэл хийх ажил олон бий гэв.


Азийн сангаас Монгол Улс дахь ардчилсан ололтыг улам бататгах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, парламентын найдвартай ар тал болж байдаг Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд техникийн болон санхүүгээр дэмжиж ирсэн. Цаашид парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах, дижитал парламентыг хөгжүүлэх, Зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхдээ шинэлэг, оновчтой арга хэлбэрийг сонгон ашиглах нь чухал гэдгийг ноён Марк Кэйниг онцоллоо.


Мөн Азийн сангаас өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулан “Зөвлөлдөх санал асуулга: цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулна. Энэ хүрээнд зөвлөлдөх санал асуулгын зорилго, арга зүй, үндсэн зарчмын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын онцлогт тохируулж хэрхэн цахимаар зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар зөвлөмж өгч, харилцан туршлага солилцохоор төлөвлөсөн гэдгийг дурдав.


УИХ-ын Тамгын газар, Азийн сан хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсныг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолж, “Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад Азийн сангаас чухал дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдал юм. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч байна. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа “Хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх” анхан болон ахисан түвшний сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж байна” гэлээ.


Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ