Том ангиллын татвар төлөгчид мянга гаруй ААН хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-10 15:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн энэ сард болдог Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна. Монголын татварын байгууллага татвар төлөгчдийг том, дунд, жижиг, бичил татвар төлөгч гэсэн сегментээр хуваан татварыг ангилал бүрд бүрдүүлж байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргалаас тодруулав.




-Том татвар төлөгч ангилалд хичнээн компани, ААН хамрагдаж байна вэ?

-Манай газрын хариуцдаг том татвар төлөгч ангилалд анх 400 гаруй ААН хамрагдаж байсан бол одоо нэг мянга орчим компани болж татвар төлөгчдийн тоо өссөн. Энэ нь бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж байна гэсэн үг. Монголын татварын алба 2019 оноос хойш үйлчилгээндээ татвар төлөгчдийг том, дунд, жижиг, бичил гэсэн 4 ангиллаар хуваах сегментын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ.

-Танай ангилалд хамрагддаг ААН-ийн гол онцлог, шалгуур юу байдаг вэ? Татвар төлөлтийн хэмжээ хэд байдаг вэ?

-Борлуулалтын орлого нь 20 тэрбум төгрөгөөс дээш байдаг. Мөн стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн компаниуд ихээхэн хамрагддаг. Бас арилжааны банкууд, даатгалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд, үүрэн болон цахилгаан холбооны компаниуд багтдаг. Том сегментэд ангилагддаг татвар төлөгч нар улсын төсвийн татварын орлогын 80-85 хувийг бүрдүүлж ажилладагаар онцлог юм. Монгол Улсын баялаг бүтээх, төсвийн орлогыг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг. Энэ жил манай ангиллаас 10 компани улсад төлсөн татварын хэмжээ, хууль тогтоомжоо сайн дагаж мөрдсөн шалгуураар шилдгээр тодроод байна.


 


Том ангиллын шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд тэргүүлсэн хэвээр байна. Шилдэг ААН-үүдийн эхний 10-т эрэмбэлэгдсэн компанийн 7 нь уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд уул уурхайн 7 компани нийт 1.98 их наяд төгрөгийн татвар төлжээ. 1.98 их наяд төгрөгийн 1.33 их наяд буюу 67.1 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон "Оюутолгой" компани бүрдүүлжээ.



-Ковидын нөхцөлд том татвар төлөгч нарт ямар бэрхшээл гарав. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхлээд томоохон татвар төлөгч нар айл өрхийн эрчим хүч, цахилгааны төлбөрийг дааж байсан. Үүнээс үүдсэн үйл ажиллагааны зардал хэр гарав? Мөн үүнтэй холбоотой буюу нийгмийн дэмжлэг үзүүлсэн нөхцөлд татварыг хөнгөлөх зэрэг зүйл байсан уу?

-Ковидын нөхцөл байдал том татвар төлөгч нарт нөлөөлж ирсэн. Ялангуяа уул уурхайгаас хамааралтай байдлаар хил, гааль хаагдсанаар бүх бараа бүтээгдэхүүний гаралт, экспорт эрс хумигдсан. Энэ байдал одоо хүртэл сайн жигдрээгүй, үргэлжилж буйг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар гаргаж экспортолж буй учир зарим талдаа үйл ажиллагаа харьцангуй тогтвортой явагдаж байна. Тиймээс улсын төсвийг бүрдүүлэхэд нөлөөлөл харьцангуй гайгүй болж байна.



Том ангилллын татвар төлөгч ААН-үүд улсын төсвийн татварын орлогын 80-85 хувийг бүрдүүлж байна. 


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд улсын төсөвт 790 орчим тэрбум төгрөгийг өнгөрсөн онд төлж энэ жил том татвар төлөгчдийг тэргүүлж байна. Манай хамгийн их татвар төлөгч хэвээр байгаа. (Орон нутгийн төсөвт оруулсан байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь улсаднийт 860.8 тэрбум төгрөгийн татвар төлжээ). Тус компаниас айл өрхийн эрчим хүч, цахилгааны төлбөрийг гарсан ашгаасаа төлж ирсэн. Энэ нь татвар дээр нөлөөлөхгүй. Энэ нь татварт ногдох орлогоос хасагдах ч  юм уу, яг хуулийн зохицуулалтад суугаагүй ирсэн. Сүүлийн жил гаруйн хугацаанд зэсийн үнэ олон улсын зах зээлд өндөр байсан учир ашигтай ажиллах гол хүчин зүйл болж ирсэн.

-Танай ангилалд томоохон татвар төлөгчийн нэг, мөн хөрөнгө оруулагч Оюутолгой компани багтаж байгаа. Татвар төлөлтийн байдал ямар байгаа вэ?

-Тус компани 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу татварын орчныг бүрдүүлж, хувь хэмээг тогтворжуулсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн гэрээнд тусгасан тогтворжуулсан орчин, гэрээний дагуу татвараа төлөөд явж байгаа. Сүүлийн жилүүдэд тус компани дээр татварын хяналт шалгалтыг 2 удаа хийсэн. Тухайн хяналт шалгалтын дагуу ногдуулсан зөрчил дээр тодорхой маргаан явж байгаа. Гэхдээ татварын байгууллагаас тогтоосон төлбөрийг гаргаж байгаа. Хуулиар төлөх үүргийг хүлээдэг. Үндсэн тайлангаараа тайлагнасан татвараасаа гадна хяналтаар илрүүлсэн их наяд төгрөгийн төлбөрөө улсын төсөвт 2020 онд бүрэн төлсөн.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ