“Үндэсний бичгийн сургамж ба хэрэглээ" судлаачидтай хийх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-10 21:00:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний бичгийн сургамж ба хэрэглээ" судлаачидтай хийх уулзалыг Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд өнөөдөр зохион байгууллаа.

 

Уулзалтад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа “Үндэсний бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоо” сэдвээр, “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн, дипломатч, судлаач Б.Баясгалан “Үсэг бичигт суралцах үндэсний аян (1936-1945): Ололт, бэрхшээл, сургамж” сэдвээр илтгэл тавьж, нээлттэй ярилцлага өрнүүлэв.

 

Монгол Улсад үндэсний бичгээр долоо хоног тутам хэвлэгддэг цор ганц тогтмол хэвлэл “Хүмүүн бичиг” сонины 30 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байгаа юм. Тодруулбал, 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Хүмүүн бичиг” сонины анхны дугаар 5 төгрөгийн үнэтэйгээр хэвлэгдэн гарч байжээ.

Уулзалтын үеэр “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа Монгол Улсын Үндэсний номын санд тус сонины анхны дугаарын хувийг дурсгал болгон гардуулж, тус сониныг Үндэсний номын сангийн тогтмол хэвлэлийн фондод бүрэн нөхөн бүрдүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн судлаач Б.Баясгалан өөрийн эрхлэн гаргасан номын дээжээс Номын сангийн тухай хуулийн дагуу Үндэсний номын сангийн архив, сан хөмрөгт бэлэг болгон барьсан юм.

 


Холбоотой мэдээ