Дулаан харын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-11 14:34:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан БНХАУ-ын "Чи Хуа" группийн охин компани болох "Юүшэнгминг" компанийн ерөнхий хариуцагч Жанг Жан, компанийн Монголын талыг хариуцсан менежер Н.Цогзолмаа нарыг хүлээн авч уулзлаа. 

Тус компани 2014 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Дулаан хар ууланд баяжуулах үйлдвэр барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээгүй зогсож байна.

"Юүшэнгминг" компанийн ерөнхий хариуцагч Жанг Жан уг баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх эзэмшигчээс хүлээн авсан бөгөөд үйл ажиллагаагаа дахин явуулахад шаардагдах бүх тооцоо судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг нь шинэчлэн боловсруулсан. Богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэдгийг аймгийн Засаг дарга Д.Бауыржанд хэллээ.

Компанийн зүгээс төр засаг, орон нутгийн болон шат шатны байгууллагуудын тавьсан шаардлага, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлж, үйл ажиллагааны чиглэл, зорилтоо аймгийн удирдлагуудад танилцууллаа.

"Дулаан хар"-ын баяжуулах үйлдвэр нь жилд 300 мянган тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай бөгөөд баруун бүсэд томоохонд тооцогддог. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа ажлын байрны хомстлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хүлээж байна.  

Холбоотой мэдээ