УУХҮ-ийн сайд Оюу толгой ордын нөөцийг бүрэн ашиглахын чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав.
Хатагтай
Дэйрдрэ Лингенфэлдер байгалийн ухаан, байгаль орчны менежментийн мэргэжилтэй бөгөөд Өмнөд
Африкийн усны менежментийн газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр Иохансбург
хот орчмын алт, нүүрсний уурхайг хариуцаж, Англо-Американ, Рио Тинто компанид уул уурхай, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 24 жил
ажилласан туршлагатайгаа танилцууллаа. Түүнчлэн тогтвортой хөгжил, байгаль
орчны асуудлаар мэргэшсэн учир Оюу толгой төсөлд мэргэжлийн ур чадвар,
туршлагаа нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.
Уул уурхай,
хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Монгол Улсын төсвийн орлогын 4/1 хувийг, экспортын 90 гаруй
хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нь зэсийн баяжмал
байдаг. Оюу толгойн далд болон ил уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь
чухал. Та усны
менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай тул усны нөөц бага, говийн эмзэг
экологийн бүсэд байрладаг Оюу толгой төсөлд ач холбогдол өгч, орон нутгийн
иргэдтэй харилцах харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тэрбээр, “Дэлхий дахин ногоон эрчим хүч, цахилгаан автомашины
үйлдвэрлэлд анхаарал хандуулж буй энэ үед зэсийн хэрэглээ 2050 он гэхэд 2-3 дахин
нэмэгдэж, чухал ашигт малтмалын эрэлт ихсэх хандлага байна. Харин нүүрсний хэрэглээ багасах төлөвтэй тул бид дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл
нийлүүлэх шаардлага үүслээ. Оюу толгой ордын хувьд тогтоосон нөөцийг бүрэн ашиглах нь
Монгол Улсын хувьд чухал”-ыг
тодотгов.
УУХҮЯ-наас
боловсруулж буй “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д
ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг тусгаж, техникийн ажлын
хэсгийг байгуулжээ.
Ингэснээр зарим ойлголтын зөрүүг арилгаж, ойлголцолд хүрэхэд ихээхэн тустай аж.
Уулзалтын
төгсгөлд хатагтай Дэйрдрэ “Ордын нөөцийг бүрэн ашиглахын тулд чадах бүхнээ хийж, байгаль орчин,
орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө хичээнэ. Цаашид итгэлцэлд тулгуурласан
түншлэлийг бэхжүүлж, техникийн ажлын хэсгээр дамжуулан мэдээлэл солилцох үйл явцыг аль болох үр
ашигтай байлгахад
анхаарна” хэмээжээ.