Гар утасны гэрэл “цахим тэнэгрэл"-д хүргэх аюултай

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-05-16 09:22:34

Гар утаснаас цацарч буй гэрэл болон Альцгеймерийн өвчний хооронд холбоо хамаарал бий гэдгийг саяхан явуулсан судалгааны дүн харууллаа.


Гар утасны гэрэл нь хүний бие организмд, ялангуяа тархинд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь олон жилийн өмнө тодорхой болсон. Харин саяхан явуулсан туршилтын дүнг үзвэл, смартфоны гэрлийн үйлчлэлд байнга байх нь тархины эсүүд дэх кальцийн хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь Альцгеймерийн өвчин даамжрах гол шалтгаануудын нэг ажээ.

Энэ талаарх судалгааны дүнг Current Alzheimer Research сэтгүүлд нийтэлсэн байна.


Alzheimer’s Association байгууллагын мэдээлэлд дурдсанаар, энэ төрлийн өвчнөөр 65-аас дээш насны 6,5 сая гаруй америкчууд шаналж байна. Өвчтөнүүдийн тоо жилээс жилд өссөөр 2050 он гэхэд Альцгеймерийн өвчин туссан 65-аас дээш насны хүмүүсийн тоо 13 саяд хүрч магадгүй болжээ. Энэ өвчинд хар арьстнууд ба латин америкчууд илүү ихээр өртөж байгаа бөгөөд өндөр настай 3 хүн бүрийн нэг нь Альцгеймер эсвэл тэнэгрэлийн бусад төрлийн өвчнөөр нас барж байна.


Гар утасны гэрэл ба WiFi сүлжээний цацраг нь эсийн доторх кальцийн хэмжээг хянаж байдаг потенциал хамааралт кальцийн сувгуудыг идэвхжүүлдэг ажээ. Цахилгаан соронзон цацрагийн үйлчлэлээр эдгээр суваг идэвхжих үед тархины эсүүдэд кальци хуримтлагдаж эхлэх ба ингэснээр тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цаашлаад Альцгеймерийн өвчний явцыг хурдасгаж болзошгүй.


Энэ бол цахилгаан соронзон цацраг ба өвчнүүдийн хоорондох шалтгаант холбоог тодорхойлоход чиглэсэн анхны судалгаа биш юм. Үндэсний хавдар судлалын хүрээлэнгээс “цахилгаан соронзон цацраг ба хавдрын өвчлөлийн хооронд харилцан хамаарал байхгүй” гэж мэдэгдсэн боловч Healthline байгууллагын үзэж байгаагаар, ийм төрлийн цацраг нь бухимдах, толгой өвдөх, нойргүйдэх болон эдгээртэй холбоотой бусад шинж тэмдгүүдийг үүсгэж болзошгүй.


Цахилгаан соронзон талбайд үйлчлэлд өртсөн хулгануудын тархинд Альцгеймерийн өвчинд хамаарах өвөрмөц маягийн өөрчлөлтүүд гарсныг эрдэмтэд тогтоосон байна. Сурах үйл явц, ой санамж, сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг тархин дахь гиппокамп гэдэг хэсэгт сөрөг өөрчлөлтүүд гарчээ. Чухамдаа тархины энэхүү чухал хэсгийг Альцгеймерийн өвчин гэмтээдэг байна.


Цахилгаан соронзон талбай нь оргил цахилгаан ба хувьсагч соронзон хүчнүүдийн тусламжтайгаар үйлчилдэг. Ухаалаг гар утас ба тоолуур, жолоочгүй автомашины радараас ялгарч буй импульсын модуляцийн давтамж бүрт эдгээр оргил хүчнүүд өсөж байдаг. Энэ бол жинхэнэ аймшиг бөгөөд Альцгеймерийн өвчин эрт тусах магадлалыг нэмэгдүүлж байж болох юм гэж судалгааг санаачлагч, Вашингтоны их сургуулийн профессор Мартин Полл ярьж байна. Түүнчлэн эмзүйн олон судалгааны дүнд потенциал хамааралт кальцийн сувгуудын идэвхжил болон Альцгеймерийн өвчин даамжрах эрсдэл хоёрын хооронд шалтгаант холбоо бий гэдгийг тогтоосон ажээ.


Ажлын байрандаа цахилгаан соронзон цацрагт байнга өртдөг ажилтнууд Альцгеймерээр өвчлөх магадлал үе тэнгийн бусад хүмүүстэй харьцуулахад илүү өндөр. Энэ өвчний шинж тэмдгүүд хурц тод байдлаар илрэх хүртэл тархинд 25 жилийн өмнөөс өөрчлөлтүүд гарч эхэлдэг байна. Судалгааны дүнг харвал, цахилгаан соронзон цацраг нь энэ хугацааг улам богиносгодог байж магадгүй.  


Сүүлийн 20 жилийн хугацаанд уг өвчний оноштой хүмүүсийн дундаж нас улам залуужсаар. Энэ нь дэлхий даяар утасгүй харилцаа холбооны технологи эрчимтэй хөгжиж байгаа үетэй давхцаж байна. Ялангуяа 30-40 насны хүмүүс Альцгеймерээр өвчлөх нь илүү түгээмэл болсон гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харууллаа.


Ухаалаг гар утас, Wi-Fi сүлжээнүүдээс цацарч буй гэрэлд байнга өртдөг хэт залуу хүмүүс хүртэл эцсийн эцэст “цахим тэнэгрэл” өвчин тусах магадлалтай гэдэг нь эрдэмтдийн санааг зовоож байна.

2008 онд явуулсан нэгэн судалгаагаар, гар утаснаас ялгарч буй бага эрчмийн цацраг ердөө 2 цагийн хугацаанд үйлчлэхэд туршилтын хулгануудын тархинд нейродегенераци буюу “өргөн хүрээнд мэдрэл муудах эмгэг” илэрсэн бөгөөд хулгануудын 1/3 нь нэг сарын дотор үхсэн байна.  


Цаашдаа доорх гурван чиглэлд голлон анхаарч нэмэлт судалгаа хийх нь зүйтэй гэж профессор Полл дүгнэжээ. Үүнд:


Нэгдүгээрт, Альцгеймерийн өвчний маркерийн мэдээллүүд ба тархинд нь цахим тэнэгрэлийн шинж тэмдгүүд илэрсэн залуу хүмүүсийн MRI шинжилгээний дүнг их хэмжээгээр цуглуулах хэрэгтэй.


Хоёрдугаарт, Альцгеймерийн өвчний онош бүхий 30-40 насны хүмүүст цахилгаан соронзон цацраг хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа явуулах. Судалгааны явцад гар утас, хөдөлгөөнт холбооны цамхаг, Wi-Fi, ухаалаг тоолууруудаас ялгарч буй цацрагийн үйлчлэл болон цахилгаан соронзон бохирдлын түвшнийг тодорхойлон дүгнэх шаардлагатай.  


Гуравдугаарт, нэгээс дээш жилийн хугацаанд хөдөлгөөнт холбооны цамхагийн ойролцоо амьдарч буй хүмүүст Альцгеймерийн өвчний анхны шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг сайтар судлах.


“Эдгээр судалгааны дүнгийн талаар олон нийтэд мэдээлэл өгч байх нь зүйтэй,  ингэснээр эрт үедээ илэрсэн уг өвчин даамжрах эрсдэлийг багасгахын тулд тухайн хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой” гэж Полл ярьж байна.  


Б.Адъяахүү


Эх сурвалжууд: NaturalNews.com, inosmi.ru

 

Холбоотой мэдээ