Манай улсын экспорт эхний улиралд 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-16 08:53:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийт экспорт энэ оны эхний 3 сарын байдлаар 1,942.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багаслаа.


Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 1,827.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 0.2 хувиар багассан байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс, хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.1 хувийг эзэлжээ.


Чулуун нүүрсний экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 675.5 сая ам.долларын 2,523.1 мян.тн чулуун нүүрс экспортлов. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 13.1 сая ам.доллар буюу 1.9, биет хэмжээгээр 4,148.7 мян.тн буюу 62.2 хувиар багассан байна. Нэг тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 267.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 164.5 ам.доллар буюу 2.6 дахин нэмэгдлээ. Чулуун нүүрсний 92.7 хувийг БНХАУ, 5.3 хувийг Сингапур Улс, 1.7 хувийг БНСУ, 0.2 хувийг Хонгонк улсруу экспортолжээ. 


Зэсийн баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 710.9 сая ам.долларын 334.8 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргав. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 89.8 сая ам.доллар буюу 14.5, биет хэмжээгээр 18.5 мян.тн буюу 5.8 хувиар нэмэгдлээ. Нэг тн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,123.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 159.8 ам.доллар буюу 8.1 хувиар нэмэгдэв. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон аж.


Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: Мөн хугацаанд 57.4 сая ам.долларын 616.6 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 181.1 сая ам.доллар буюу 75.9, биет хэмжээгээр 1,296.4 мян.тн буюу 67.8 хувиар багасав. Нэг тн төмрийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ 93.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.5 ам.доллар буюу 25.2 хувиар багаслаа. Төмрийн хүдэр, баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолж байна.


Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 11.5 сая ам.долларын 50.9 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 143.2 мян.тн буюу 73.8, үнийн дүнгээр 31.1 сая ам.доллар буюу 73 хувиар багасав. Нэг тн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 225.9 ам.доллар болж, 6.5 ам.доллар буюу 2.9 хувиар нэмэгджээ. Хайлуур жоншны 92.4 хувийг ОХУ, 7.6 хувийг БНХАУ руу экспортолжээ.


Цайрын баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 41.2 сая ам.долларын 21.8 мян.тн цайрын баяжмал экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 9.1 мян.тн буюу 29.5, үнийн дүнгээр 5.2 сая ам.доллар буюу 11.3 хувиар багассан байна. Нэг тн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 1,885.7 ам.доллар болж, 386.9 ам.доллар буюу 25.8 хувиар нэмэгджээ. Цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон аж.


Молибдены баяжмалын экспорт: Мөн хугацаанд 15.2 сая ам.долларын 1,082.5 тн молибдены баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 3.4 сая ам.доллар буюу 28.3 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 496.4 тн буюу 31.4 хувиар багасав. Нэг тн молибдены баяжмалын экспортын дундаж үнэ 14,070.5 ам.доллар болж, 6,549.3 ам.доллар буюу 87.1 хувиар нэмэгдлээ. Молибдены баяжмалын 92.8 хувийг БНХАУ, 7.2 хувийг БНСУ руу экспортолжээ.


Алтны экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 287.9 сая ам.долларын 4,821.0 кг алт экспортлов. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 262.3 сая ам.доллар буюу 11.2, биет хэмжээгээр 4,378.4 кг буюу 10.9 дахин нэмэгдсэн байна. Нэг кг алтны экспортын дундаж үнэ 59,733.7 ам.доллар болж, 1,768.5 ам.доллар буюу 3.1 хувиар нэмэгдлээ. Алтны 100 хувийг Швейцар руу экспортолсоныг УУХҮЯ мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ