“Угийн бичиг хөтлөх” асуудлаар аймгаас баримтлах бодлогыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-16 19:13:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Т.Норов, “Ураг удам уламжлалын Хонгор холбоо”-ны тэргүүн Р.Лхагвасүрэн нар сумдын  ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд “Угийн бичиг хөтлөх” асуудлаар аймгаас баримтлах бодлогыг эрчимжүүлэх, угийн бичгийг өрх бүр хөтлөх хууль эрх зүйн үндэс бүрэлдсэнийг танилцуулав. 1991 оны Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-аас баталсан “Хүн амын талаар баримтлах чиглэл”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 2007 оны Засгийн газрын 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам”, 2022 оны нэгдүгээр сард Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх талаар УИХ-ын 01 дүгээр тогтоолуудыг мөн үеэр тус тус уламжлав.

Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ-аас дэмжин холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, “Угийн бичиг” хөтлөхөд зориулсан програмыг нэвтрүүлэх, аймгийн төрийн архивын тасагт бүрдсэн иргэдийн хүн амын тооллогын материалуудад түшиглэн архивын лавлагаа мэдээллээр хангах юм байна. Мөн булан танхимтай болж, ашиглагдах гарын авлага, лавлах материалын сан бүрдүүлж ажиллах зэрэг ажлуудыг хийх юм байна

Цаашид аймгаас нэгдсэн бодлого гаргаж, дээрх ажлуудыг эрчимжүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулахаа тус уулзалтаар мэдэгдлээ.

Холбоотой мэдээ