БАЯНХОНГОР: Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-10 09:40:10

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарлаа.


Хүйтний улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс түр хоригийг жил бүр тавьдаг. Ингэхдээ энэ жил бүс нутгийн цаг агаарын онцлог зэргээс шалтгаалж хугацааны хувьд багахан зөрүүтэй байхаар захирамжилжээ.
Тодруулбал, Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Жаргалант, Заг, Гурванбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Баянбулаг суманд мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг энэ сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хориглосон байна. Харин Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Богд, Жинст суманд энэ оны 12 дугаар сарын 1-нээс ирэх оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглов.
Мотоциклийн ослын дийлэнх нь хөдөө хээр газар, халтиргаа гулгаа, хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, замын нөхцөл байдлыг харгалзалгүй зорчсон, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан зэргээс үүджээ.
Холбоотой мэдээ