300 тэрбум төгрөгөөр 50 га-д хүлэмж барихад нийслэлийнхэний хэрэгцээг бүрэн хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 09:37:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн ажилтай танилцлаа.


Тус компани Голланд загварын 18 000 ам дөрвөлжин хүлэмжийг 2016 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд  байгуулсан байна. Тус хүлэмж нь халаалт, усалгаа, бордоо, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.


Өдөр бүр 2-4 тонн улаан лооль, өргөст хэмхийг Барс зах болон Е-март, Номин, Сансар зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг. Өндөр хүүтэй зээл, хүлэмжийн чиглэлийн мэргэжилтэн дутмаг зэрэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл учруулдаг тухай компанийн захирал Л.Эрдэнэчимэг танилцууллаа.


50 га талбайд шаардлага хангасан хүлэмж барихад 300 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд урт хугацаатай, хүү багатай зээл авбал нийслэлчийнхэний хэрэгцээг бүрэн хангаж, орон нутагт нийлүүлэх бүрэн боломжтой тухай хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ярилаа.


Хүнс, хөдөө аж ахуйн яам нийслэлтэй хамтарч 15 га талбайд хүлэмжийн аж ахуй байгуулахаар төлөвлөсөн. Цаашид агуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлд аль болох түлхүү хамруулах бодлого баримталж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Холбоотой мэдээ