Төрөх тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олгов

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-17 17:22:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улсад 2021-2023 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа.

Тус төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх, нярайн тусламж үйлчилгээний 12 нэр төрлийн 37 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж олголоо.

Нийт үнэ нь 69 сая 560 мянган төгрөг болох тусламжийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулж өглөө.

Төслийн шугамаар олгосон тусламжийн багцад төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтөний монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, хүүхдийн биеийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг багаж тоног төхөөрөмж багтжээ.

Төрөх тасгийг нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах,  эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ